“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байсан ч дахин хойшилжээ.
Шалтгаан нь шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гарсан байна.
Ингээд шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийж энэ үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн билээ. Хэргийг эргэн сануулахад, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.
Л.Баяр