Өнөөдөр Монголын үе үеийн 300 циркчин цуглаж мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр хоёр шаардлагыг Соёлын яам болон Засгийн газарт хүргүүлсэн юм.
Үүнд: циркийн сургуулийн барилгыг Монгол Улсын Консерваторийн хашаанд байхаар төсөвлөсөн зургийн дагуу барих, түүнчлэн хуучин циркийн барилгыг ордон болгон шинээр барих шаардлагыг тэд тавьж байна. Энэ шаардлагууд амин чухал учраас Засгийн газар хүлээн авна гэж найдаж байна гэж Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооноос мэдээллээ.
Монголын циркийн барилгыг 13 жилийн өмнө хувьчилснаас болж одоо жижиг студи, продакшинд хуваагджээ. Мөн 2015 онд хуучин циркийн барилга галд шатсаны улмаас МХЕГ-аас ашиглах боломжгүй хэмээн акталсан байна.Тиймээс бэлтгэл хийх байргүй болсон, Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн сургуулийн Циркийн тэнхимийн сурагчид майхан циркт бэлтгэл хийж байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал МУСТА, Т.Буд хэлэхдээ “Бидэнд төлөвлөгөө, боловсон хүчин, багш нар хангалттай байна. Япон, Парист манай уран нугаралтын сургалт явагдаж байна. Циркийг биеийн тамирын жижиг танхимд хийх ямар ч боломжгүй. Бид 13 жил хүлээлээ. Бид жилийн өмнө циркчдийн нэгдсэн зөвлөгөөнийг хийсэн.Соёлын сайдыг циркийн ажлыг улам эрчимжүүлж өгөхийг хүсэж байна” гэлээ.
Л.Баяр