УИХ ойрын өдрүүдэд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. Энэ хууль анх 1995 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 25 жилийн хугацаанд Монгол Улсад арилжааны банкуудын монополь жинхэнэ утгаар тогтжээ. Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа баримт нь өөрөө монополь хаана оршин тогтож байгааг төвөггүй хэлээд өгөх юм.
Өнөөдөр Монгол Улсад зээлгүй иргэн, зээлийн хүүнд дарагдаагүй ААН гэж бараг үгүй болсон. Гэвч төрөл бүрийн хуульд дуртай үедээ байн байн гар дүрдэг УИХ банк, санхүүгийн салбарт үйлчилдэг хуулийн төслүүдийг барьж авахаасаа “цааргалж” ирсэн ч УИХ энэ удаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зориг гарган барьж авчээ.
УИХ-д 62 суудал авсан МАН Мөрийн хөтөлбөртөө:
-Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно,
-Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ,
-Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно хэмээн тусган, сонгогчдын итгэлийг татсан нь банк, санхүүгийн салбарын хуулийг шинэ парламентын анхдугаар чуулганаар хэлэлцүүлэхэд нөлөөлсөн болов уу.
Зээлийн хүү өндөр байгааг хадгаламжийн хүү өндөр байгаагаас болдог гэж тайлбарладаг банкууд өндөр хадгаламжийн хүү нь өөрөө макро эдийн засгийг хямралд оруулдаг гэдгийг нуусаар ирлээ
Монгол Улс банкны зээлийн хүү хамгийн өндөр байдаг улс орны нэг. Банкуудын төгрөгийн зээлийн хүү өнөөдөр 18 хувь байгаа нь арилжааны банкууд сарын 1.5 хувийн хүүтэй зээл олгож байна гэсэн үг. Гэвч зээлийн хүү өндөр байгаа нь банкууд хадгаламжийн хүү өндөр байгаатай холбон тайлбарладаг болохоос биш хадгаламжийн хүү өндөр байгаа нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгодог гэсэн нарийн сэдвийг болж өгвөл нууцалж, энэ сэдвийг хөндөхөөс татгалзаж ирсэн билээ.
Өнөөдөр арилжааны банкууд их хэмжээний хадгаламжинд 18 хувийн хүү олгодог жилийн дундаж хүү нь 16 хувьтай байгаа. Гэхдээ банкнаас 16 хувьтай зээлийг зөвхөн банкны эзэд өөрийн хамаарал бүхий компаниуд л авч чаддаг. Тэдэнд бол арилжааны банкнаас жилийн 8, 10, 12 хувийн хүүтэй зээл төвөггүй олдоно. Харин тэдэнд хамааралгүй иргэн, аж ахуйн нэгжүүд 18-20 зарим нь түүнээс дээш хувийн хүүтэй зээл авч байгаа учраас банкны зээлийн дундаж хүү гадна талдаа 16 хувь руу орж харагдаад байна гэсэн үг.
Өндөр хүүнээс ашиг олдог арилжааны банкууд энэ ашгаа алдахаас эмээхийн зэрэгцээ улс орны хөгжил, эдийн засагт дэмжлэг үзүүлэх томоохон төслийг санхүүжүүлэхээс хойш суух болжээ. Банкууд дунд өнөөдөр бизнесийн төслийг ядаж таван жил санхүүжүүлдэг нэг ч банк алга. Тэд компани, аж ахуйн нэгжийн төслийг хамгийн ихдээ 2-3 жил санхүүжүүлдэг нь таван жилийн дараа ашгаа олох бизнес төлөвлөгөөг нурааж, зээл авсан компани, аж ахуйн нэгжүүдээ дампуурал руу даллан дуудаж ирсэн юм. Тэд зээлийн барьцаанд хураагдсан компани, аж ахуйн нэгжийн хөрөнгийг зах зээлийн үнээс хямд ч биш, бараг тулсан үнээр нь тулгаж зараад хэд дахин илүү ашиг олдог бол иргэд болон бизнесийнхэн өнөөдөр таван жилийн дараа ашгаа олох төсөл дээр 2 жилийн хугацаатай зээл авч, өрөнд орж, банкны барьцааны хөрөнгөө хураалган гудамжинд л гарч байхаар зээл аваагүй байсан нь зөв хэмээн бор зүрхээрээ зүтгэж ирлээ.
Юутай ч шинэ хуулийн төсөлд зээлдэгчийн харилцагч банкнаас зээлийн үйлчилгээ авахад төгрөг, валютын зээлийг тулгаж болохгүй, харилцагчийн ашиг болон бизнесийн хүчин зүйлтэй хамааруулж зээл олгох, зээлийн гэрээн дэх бүх заалтыг ойлгомжтойгоор тайлбарлан заах зэрэг шаардлагууд тусч байгаа аж. Мөн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна. Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтууд тусчээ.
Санхүүгийн сектор, банкны системийг шинэчлэлийг 6-12 сарын хугацаанд хийх боломжтой хэмээн тооцож суугаа УИХ-аас монголчууд банк санхүүгийн салбарын монполийг задлах томоохон өөрчлөлтийг хүлээж байна.
Д.ЖАРГАЛАН