УИХ Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Одоогоор Уул уурхайн яаман дээр тус хуулиудад нэмэлт өөрчлөлтөд оруулах төр, хувийн хэвшил, судлаачид, холбоодын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм байна.
Ашигт малтмалын тухай хууль өмнө нь тодорхой хүрээнд хэлэлцэгдэн шийдэгддэг байсан бол энэ удаа мэргэжлийн холбоод, судлаачид, уг салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэлэлцэгдэх гэж байгаа аж.
Шинэ хуулийн төсөл Ашигт малтмалын тухай хууль үндэсний эрх ашгийг хамгаалсан, унаж байгаа эдийн засгийг сэргээсэн, хөрөнгө оруулагчдыг тогтоох боломжтой, тогтвортой байдлыг бий болгосон, баялгийн хувиарлалт шударга, эрх тэгш Монгол Улсын хөрсөнд буусан хууль болно гэх хүлээлтийг үүсгэж буй.
Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн 6.2 “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн зүйл заалтад нийцлүүлсэн ямар заалтууд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орж ирэх вэ гэдэг олон нийтийн хүлээлт байгаа юм.
Эргэн сануулахад УИХ 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж, 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 1997 онд УИХ-аас баталсан анхны хууль Монгол Улсын Ашигт малтмалыг хайх, ашиглах тухай төрийн нэгдмэл бодлогыг ттодорхойлсон биш, ердөө баялгийг тараах, ашигт малтмалын лицензийг баруун солгойгүй олгох хууль байв.
Үүний үр дүнд 2004-2005 он гэхэд манай газар нутгийн 40 хувь буюу 70 сая га газарт лиценз олгогдоод байлаа. УИХ 2006 онд тус хуульд дахин өөрчлөлт оруулсан боловч өмнөхөөс нь дээрдүүлээгүй гэж үздэг.
Энэ хуулиар төр нөөц нь тогтоогдсон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын мэдлээ 50 бүр түүнээс доош хувь байх заалт оруулж, баялгийн эзэн биш, баялгаас бялуу хүртэгч болж хувирсан байдаг.
Н.БАТАА