Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Каваока Ёшихиро, Үэки Хироши нараар ахлуулсан судлаачид амны хаалт коронавирусээс хэрхэн хамгаалж буйг жинхэнэ коронавирус, манекен ашиглан тогтоожээ.
Туршилтын үеэр лабораторид хоёр манекенийг өөд өөдөөс нь харуулан байрлуулж тэдгээрийн нэгийг коронавирус бүхий агаар дусал гаргахаар, нөгөөг нь хүнтэй адил амьсгалах механизмтайгаар бүтээжээ. Судлаачид эхний туршилтаар амьсгалдаг манекенд амны хаалт зүүлгэсэн бөгөөд энэ үед вирусний амьсгалын замаар нэвтрэх хэмжээг даавуун амны хаалт 17 хувь, мэс заслын амны хаалт 47 хувиар, “N95” мэс заслын амны хаалт 79 хувиар бууруулсан байна
Харин вирус тарааж буй манекенд амны хаалт зүүлгэхэд даавуун болон мэс заслын амны хаалтын аль аль нь нөгөө манекенд вирус дамжих эрсдэлийг 70 гаруй хувиар бууруулсан байна. Мөн судлаачид манекенүүдийн аль алинд амны хаалт зүүлгэсэн ч вирус дамжихаас бүрэн сэргийлж чадахгүй гэдгийг тогтоожээ.
К.Ёшихирогийн хэлснээр, жинхэнэ вирусийг ашиглан амны хаалтын үр нөлөөг тогтоосон туршилт өмнө нь хийгдэж байгаагүй ажээ. Энэхүү туршилт амны хаалт зүүхийн ач холбогдлыг харууллаа хэмээн тэрбээр хэлсэн байна. Мөн амны хаалт зүүснээр вирусний халдвар авахаас бүрэн сэргийлэхгүй гэдгийг тогтоосон нь чухал юм гэж профессор нэмж хэлжээ.
Эх сурвалж: NHK