Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалттай холбоотой болон бусад асуудлаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалантай ярилцлаа.
-Орон нутгийн сонгууль ямархуу болж өнгөрсөн гэж Та дүгнэж байна вэ?
-Орон нутгийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль амжилттай болж байна. Болж байна гэдэг нь одоогоор хараахан дуусаагүй байгаа гэдэг утгаар хэллээ. Хэдийгээр энэ сарын 15-ны өдөр санал хураалт явагдаж өнгөрсөн ч гэлээ улсын хэмжээнд 19 аймаг, 1 дүүргийн нийт 62 тойрогт нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн учраас хуулийн дагуу санал тэнцсэн нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явагдана. Энэ бүтэн сайн өдөр буюу 25-нд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хийгдээд явж байна.
-Нэмэлт санал хураалт гэхээр бүх хүн дахиж санал өгөх үү? Саналын хуудас дахиж хэвлэнэ гэсэн үг үү?
Нэмэлт санал хураалтад 15-ны өдөр ирж саналаа өгөөгүй сонгогчид очиж санал өгнө. Дээр дурдсан 62 тойрогт нийт саналаа өгөөгүй 12164 сонгогч байна гэсэн тоо гарч байгаа, тэдний саналыг авахад зориулж саналын хуудсыг хэвлэх, санал тоолох төхөөрөмжүүдийг бэлтгэх, хүргүүлэх ажил хийгдэж байна.
-Санал тоолох машины талаарх хардлага байсаар байна. Үнэхээр машины дүнд хөндлөнгөөс оролцох ямар нэгэн боломжгүй гэдгийг иргэдэд хэрхэн ойлгуулж нотлох вэ?
-Монгол Улсад ашиглагдаж байгаа санал тоолох төхөөрөмж нь маш олон цаасан баримт үлдээдэг гэдгээрээ давуу талтай.
Жишээ нь, саналын хуудас нь хадгалагдан үлддэг. Санал хураалт дуусмагц санал тоолох төхөөрөмжийг сүлжээнд холбохоос өмнө дүнгийн хуудсыг хэвлэн гаргаж бүх ажиглагчдад өгдөг. Мөн төхөөрөмжид уншигдсан саналын хуудасны зургийг нам, эвслийн ажиглагчдад өгчихдөг. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг бодит саналын хуудастайгаа тулган нягтлах боломжтой гэсэн үг. Гэхдээ мэдээж саналын хуудасны зурган дээр сонгогчийн талаарх ганц ч мэдээлэл байхгүй, зөвхөн хэн гэдэг нэр дэвшигчид санал тэмдэгдэглэгдсэн байна гэдгийг л харах боломжтой гэж ойлгох хэрэгтэй. Ийм олон баримт үлдээдэг учраас бид итгэлтэй байж чаддаг.
Гар тооллогыг санамсаргүй сонголт (сугалах)-ын аргаар хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийнэ гэсэн хуулийн заалттай. Саяны сонгуулиар хуулийн боломжоо бүрэн ашиглаж, яг 50 хувьд нь тулгаж гар аргаар саналын хуудсаа тоолох зөвлөмж хүргүүлсэн. Аль хэсэг дээр гар тооллого хийх вэ гэдгийг санал хураалт дууссаны дараа сум, дүүргийнх нь сонгуулийн хороодын байранд намуудын төлөөллийг байлцуулж байгаад өөрсдөөр нь сугалаа сугалуулж сонгодог. Сонгуулийн хороод өөрсдөө ч сугалдаггүй. Харин намуудын сонгосон хэсгийн хороод руу утасдаж гар тооллого хийхээр болсон шүү гэдгийг нь мэдэгддэг.
Ийм л зохицуулалтаар явж ирсэн. 2012 оноос эхлэн 8 удаагийн сонгуулиар хийгдсэн гар тооллого болон төхөөрөмжөөс гарсан хэсгийн хорооны дүн зөрсөн тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй. Сонгуулийн хэсэг дээр ажилласан санал тоолох төхөөрөмжөөс хэвлэгдэн гарсан, сүлжээнд холбогдоогүй байх үеийн дүнгийн хуудсан дээрх мэдээллийг сум, дүүргийн сонгуулийн хороод дахин нягталж, гараар нэгтгээд аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлдэг. Аймаг, нийслэлийн нэгтгэсэн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирсэн дүнтэй тулгаснаар сая сонгуулийн албан ёсны дүнг зарладаг. СЕХ-ны серверт ирсэн дүнтэй тулгахад нэг ч саналын зөрүү гарч байгаагүй. Энэ ажилд маш олон шат дамжлагатай ажиглалт, хяналтууд хийгддэг гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх.
Хэсгийн хороодын дүн төв серверт ирэхдээ хамгаалалт бүхий тусгай сүлжээгээр, ямар нэгэн дундын дамжуулагчгүйгээр энкриптлэгдэж буюу кодлогдож ирдэг. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл зарим нэг улс төрчдийн хэлж яриад байгаа шиг серверт дүн нэгтгэх үед хакердсан, дүнг өөрчилсөн зэрэг илт худал мэдээлэл тараах нь өөрөө ямар ч утгагүй. Санал хураалт дуусмагц хэдхэн секундын дотор ажиглагчдынх нь нүдэн дээр дүнг хэвлээд өгчихдөг. Нэр дэвшигч Батын авсан санал 100 гээд хэвлээд өгчихсөн хэрнээ серверийн дүн дээр 101 гэж өөрчлөх нь утгагүй зүйл. Яагаад утгагүй гэж хэлж байна вэ гэхээр, Бат 100 санал авсан байна гээд хэвлээд гаргаад өгчихсөн дүнг та дахиад серверт ирсэн дүнтэй тулгаж шалгах бүрэн боломжтой. Тэгээд ч манай бүх үйл явц нээлттэй байдаг. Серверт ирсэн дүнг шууд цахим хуудас дээрээ нэн даруй байршуулдаг.
Хэрвээ алдаатай тоолдог байсан бол гомдол гаргаад шалгуулах эрх нь хэн бүхэнд нээлттэй. Гэтэл ийм гомдол ганцхан удаа 2012 оны сонгуулийн дараа гараад СЕХ шүүхийн шийдвэрээр гомдол гаргасан хүмүүсийг нь ажиглагчидтай нь байлцуулан тоолоход зөрүү гараагүй.
Сонгуулийн ерөнхий хороо бүүр анхнаасаа буюу энэ санал тоолох төхөөрөмжийг ашиглахаас өмнө 2011 оноос эхлээд л иргэдийн дунд үл итгэх байдал үүсэхвий гэдгээс сэргийлж, ядаж эхний удаадаа 100% гараар тоолж, тулгая гэж хуульд оруулах санал гаргаж байсан ч оруулаагүй. Бидний байр суурь анхнаасаа л ийм байсан.
Бидний ашиглаж байгаа яг энэ төхөөрөмжийг Канад, Америк, Филиппин зэрэг олон улсууд одоо ч ашигладаг.
– Сонгуульд ашиглагдах санал тоолох машинуудыг хэн шалгадаг юм бэ. Энэ үйл явцад хөндлөнгийн хяналт тавьдаг биз дээ?
– Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан ажлын хэсэг сонгуульд ашиглагдах техник хэрэгсэл, программ хангамжийг нэг бүрчлэн шалгаж, сонгуульд ашиглах эрхийн гэрчилгээг олгодог. Хүн болгон тухайн иргэнийг нотолсон баримт бичигтэй байдаг бол манай төхөөрөмжүүд ч гэсэн тус тусдаа баталгаажуулсан гэрчилгээтэй.
Энэ үйл явцыг сонгуульд оролцож буй нам, эвсэл, мөн төрийн бус байгууллагуудад нээлттэй байлгах зорилгоор ажиглагч оролцуулах тухай албан тоотыг хүргүүлдэг. Ажиглагчид баталгаажуулах үйл явцыг хөндлөнгөөс ажиглахаас гадна 2013 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг турших үйл ажиллагааг тогтмол хийж байгаа.
Уг ажиллагаанд зарим нам, эвсэл ажиглагчдаа оролцуулдаггүй хэрнээ төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагааг илт гуйвуулж иргэдэд худал мэдээлэл тараадаг нь харамсалтай.
Тухайн тойргийн хэмжээнд ашиглагдахад бэлэн болж гэрчилгээжүүлсэн бүх төхөөрөмжөөс дуртайгаа сонгоод ажиллагааг нь туршиж үзэх боломжийг сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөөлөлд өгдөг. Бидний ажлыг ажиглаж, тодорхой ойлголттой болоосой, элдэв хардлага сэрдлэггүй ажиллая гэдэг үүднээс ийм боломжийг гаргаж өгдөг гэдгийг дахиад онцолж хэлье.
-Цэг, таслал гээд яригдаад байдаг. Үнэхээр шууд дамжуулах явцад таслал гарч ирсэн, тэгээд хэсэг хугацааны дараа байхгүй болсон. Энэ яг юу болсон юм бэ?
2000 гаруй хэсгээс санал хураалтын дүн серверт нэгтгэгдэн дүн гарах явцыг иргэдэд нээлттэй, шууд хүргэх зорилгоор 2016 оноос эхлэн сонгуулийн дүнг тойрог бүрээр нь дэлгэцээр гаргадаг болсон. Дэлгэцээр гарах хүртэл хийгддэг алхамуудыг маш энгийнээр дурдъя.
Санал тоолох төхөөрөмж дүнгээ сервер рүү дамжуулдаг.
Серверт кодлогдон ирсэн дүнг ирэх явцдаа ямар нэгэн халдлагад өртсөн эсэхийг нь шалгаад нэгтгэдэг.
Нэгтгэсэн дүнг олон нийтэд үзүүлэхээр дэлгэц рүү дамжуулалт хийдэг.
Өнгөрсөн сонгуулиар 606 нэр дэвшигч 76 мандатын төлөө 29 тойрогт өрсөлдсөн. Зарим тойрогт 38 хүн нэр дэвшиж байсан. Эдгээр мэдээллийг иргэдэд ойлгомжтой, нээлттэй үзүүлэх зорилгоор манай төвийн инженерүүд бэлтгэл ажлыг хангаад Тагнуулын байгууллагатай хамтарсан ажлын хэсгээр хянуулаад ашигласан. Таслалын асуудал бол дээр дурдаад байгаа 3 дахь алхамыг хийхэд гарч ирсэн. Энэ нь өөрөө мянганы орны нарийвчлалын таслал байсан. Хоёр мянга таван зуун санал авсан нэр дэвшигчийн саналыг харуулахдаа хоёр таслал таван зуу гэж гаргаж байсан (2500=2,500). Ингэж үзүүлж байх үед дэлгэц рүү дамжуулах бидний бэлтгэсэн програмын эрэмбэлэх функц ажиллахгүй байгааг анзаарч мэдээд таслалтай тоонуудыг бусад тоотой адилхан таслалгүй форматад оруулсан. Ингэснээр бүх тоо нэг форматтай болж, өөрөөр хэлбэл бүх тоо нэгэн жигд таслалгүй болж, эрэмбэлэлт хэвийн байдалд шилжээд явсан.
Энд би нэг л зүйлийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Дээрх гурван алхамуудыг хийхэд нэг ч ширхэг саналын зөрүү гараагүй. Нэр дэвшигчдийн авсан саналаас нэг ч санал дутаагүй, мөн нэмэгдээгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа олон хүн Тагнуулын байгууллагад гомдол гаргасан байсан. Мэдээж эргэлзэж байвал шалгах үүрэгтэй байгууллагаар нь шалгуулах нь зөв. Тухай бүрт нь очиж тайлбар, мэдээллийг өгч шалгуулж байгаа. Гомдол гаргасан нөхдүүдэд хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгсөн гэж сонссон. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг гажуудуулсан, тодорхой баримт, нотолгоогүй, олныг төөрөгдүүлсэн худлаа мэдээлэл тараагаад байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй байгаа юм.
-Батзандангийн яриад үзүүлээд байгаа ийм бичиг ирсэн үү?
-Ирсэн. Таслалтай холбоотой гомдлууд нилээн гарч байсан тул бидний зүгээс тоног төхөөрөмж болон програм хангамжийг нийлүүлсэн АНУ-ын Доминион Вөүтинг Системс компанид хандаж тайлбар ирүүлэх тухай албан бичгийг 9-р сарын 10-нд явуулаад хариуг нь 15-нд авсан. Энэ хариу бичигт тэд хэлэхдээ “бидний ойлгосноор санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн ЗӨВ, серверт нэгтгэгдсэн дүн ЗӨВ, серверээс гарсан дүн ЗӨВ байсан байна” гэсэн байдаг. Тэр бичигт 30 хүний дүнд өөрчлөлт оруулсан тухай нэг ч үг байхгүй. 30 гэсэн тоо нэг л удаа дурдагдаж байгаа нь 30 минут гэсэн байгаа юм. Англи хэл дээрх захидлыг хэн ч уншаад ойлгодог болсон цагт ийм илт худал мэдээллийг олон нийтэд түгээн байгууллагын нэр хүндэд халдаж, улмаар бусдыг элдэв хууль бус үйлдэлд өдөөн турхирч байна гэж үзээд бид цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо