Монгол Улс далай, тэнгист гарцгүй. Энэ улс хээр тал, говь цөлөөс бүрдсэн, хэлтэг загаснаас илүү алагдаахайтай илүү таарах газар юм. “Сүхбаатар” хэмээх голын нефть зөөвөрлөгч усан онгоц Хөвсгөл нууран дээгүүр нефтийн бүтээгдэхүүн зөөвөрлөхөөс гадна хэдэн арваадхан моторт завь ажиллана. Гэвч дэлхийн далай тэнгист Монголын далбаатай хэдэн мянган хөлөг онгоц явдаг аж. Яагаад юм бол?
Хөлөг онгоц эзэмшигч нь НҮБ-ын аль ч улсад хөлөг онгоцоо бүртгүүлэх эрхтэй гэж олон улсын практик байдаг. Зарим нь амьдарч, ажилладаг газраа бүртгүүлэх нь бий. Харин 1920-иод оноос дэлхий дахинаа “тохиромжтой далбаа” нэртэй зүйл хэрэгжиж байна. Энэ нь зарим улс багахан хэмжээний төлбөрөөр хөлөг онгоц эзэмшигчдэд далбааг нь зүүж явахыг зөвшөөрдөг бөгөөд төрөлх улсаас нь бага төлбөр шаарддаг байна. Энэ нь хөлөг онгоцны техникийн байдал, нийгмийн баталгаа, татвар зэрэгт ч хамааралтай.
Хамгийн анхны “тохиромжтой далбаа”-г 1920-иод онд Америкийн хөлөг онгоц эзэмшигчид эзэмшжээ. Тухайн үед Америкт хуурай хууль үйлчилж байсан бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэр дээр архи зөөвөрлөх, хэрэглэхийг хориглож байлаа. Тиймээс овсгоотой Америк худалдаачид хөлөг онгоцнуудаа Панамд бөөнөөрөө бүртгүүлж эхэлжээ. Маш амар. Эрэг дээр хуурай хууль үйлчилдэг. Харин Панамын далбаатай хөлөг онгоц бол архи дүүрэн ачсан баар л гэсэн үг. Тиймээс Панамын даобаа хамгийн анхны “тохиромжтой далбаа” болсон түүхтэй.
Панамын араас өөрсдийнхөө далбаагаар мөнгө олох гэсэн бусад улс гарч ирсэн юм. Либери, Кипр, Багамын арлууд, Мальта, Маршаллын арлууд, Хонконг, Сингапур, Камбож гээд л. Тохиромжтой даобаа нь олон улсын хэлэлцээр, хуулийг тойрч гарах боломж болдог. Жишээлбэл хоригийг тойрч бараа тээвэрлэх, салан тусгаарлагчид, алан хядагчдад ачаа нийлүүлэхэд гол боломж бүрдүүлдэг. “Тохиромжтой далбаа”-ны уламжлал дэлхий даяар тархаж, өдгөө дэлхийн худалдааны хөлөг онгоцны ¾ нь өөрсдийнхөө бус, тохиромжтой далбаагаар явуулдаг болжээ.
Тэгвэл Монголын төрийн далбааны тухайд хагас зууны өмнө тэнгисээр ийм далбаатай хөлөг онгоц харах боломжгүй байсан юм. Харин одоо бол энгийн үзэгдэл болжээ.
Мэдээж татварын байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд гээд бүгд л энэ олон жилийн турш “тохиромжтой далбаа”-тай тэмцэхийг оролдож ирсэн. Үе үе үнэхээр боломжгүй хөлөг онгоцнуудыг нэр хүндтэй томоохон боомтуудад нэвтрүүлэхгүй байх явдал гарч байв. 2000-аад оны эхээр ийм хоригт “тохиромжтой далбаа”-г олон жил ашигласан Камбож, Либери багтаж, далайд гарцгүй Монгол оронд нь орж ирсэн юм. Тухайн үед тэнгист улаан хөх өнгөтэй, алтан соёмбо гялалзуулсан Монголын далбаа далай, тэнгист олноор үзэгдэж эхэлжээ.
Өдгөө Монгол Улс 2500 орчим хөлөг онгоц бүхий худалдааны флоттой. Энэ нь Тэнгисээр хүрээлэгдсэн, хөлөг онгоц явдаг гол мөрөн ихтэй Оросоос 2 дахин их хөлөг онгоцтой гэсэн үг юм. Саяхнаас Оросын хөлөг онгоцнууд хүртэл Улаанбаатар боомтын нэртэй болж иржээ. Мэдээж хөлгийн багийнхан дунд нэг ч монгол хүн байхгүйгээс гадна худалдааны хөлөг онгоцнууд Монголын тал хээрээр биш, Лена, Енисей, Волга, Дон мөрнөөр аялдаг юм.
Эх сурвалж: Zen.yandex.ru
Орчуулагч: Марта