Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хамтран Эрдэнэзуу хийдийн лам, аж ахуй, үйлчилгээний ажилтнуудад эртний түүх, соёл, шашны дурсгалт зүйлсийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийжээ.
Тус хийдэд хадгалагдаж байгаа соёлын биет өвийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр тодорхой ажил зохиохын ач холбогдол, мөн Соёлын өвийн тухай хууль, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 25 дугаар бүлэгт заасан “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг”, Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлд заасан “Соёлын өвийн тухай хууль зөрчих” зөрчлийн талаар мэдээлэл өгсөн байна.