Японы эрдэмтэд өдөр бүр ногоон цай, кофег их хэмжээгээр хэрэглэх нь чихрийн шижний хоёрдугаар төрлөөр өвчилсөн хүмүүст нас барах эрсдэлийг 63 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. Тэд судалгааныхаа үр дүнг BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтэлсэн байна.
Төрөл бүрийн биологийн идэвхт нэгдэлтэй ногоон цай, кофег тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд ашигтай гэсэн янз бүрийн судалгаанууд байдаг. Гэхдээ саяхныг хүртэл эдгээр ундаа чихрийн шижний хоёрдугаар төрлийн үед сайн болохыг илрүүлж байгаагүй юм.
Южи Коморита тэргүүтэй Кюшюгийн их сургуулийн эрдэмтэд чихрийн шижний хоёрдугаар хэлбэрийн өвчтөнүүдийн эмийн эмчилгээний нөлөөлөл, амьдралын хэвшил, нас баралтын нөлөөлөлд үнэлгээ хийх зорилготой “Фүкүокагийн чихрийн шижний бүртгэл” судалгаа явуулах үеэрээ ногоон цай, кофег тусад нь болон хамтад нь хэрэглэх нь төсөлд оролцогчдын нас барах эрсдэлд хэрхэн нөлөөлж байгааг судалсан аж. Туршилтад дунджаар 66 насны, чихрийн шижнээр дор хаяж таван жил өвчилсөн 2790 эрэгтэй, 2133 эмэгтэй оролцсон байна. Судалгааны бүх оролцогч анкет бөглөж, амьдралын хэвшлийнхээ тухай мэдээллээ үлдээжээ. Энд байнгын биеийн тамирын дасгал, тамхинаас гадна архины хэрэглээ, унтах цаг зэргийг оруулсан байна. Эрдэмтэд мөн өдөрт хэдэн аяга ногоон цай, кофе уудгийг нь тусдаа асуулт болгон оруулжээ. Эрсдэлийн хүчин зүйлсийг үнэлэхийн тулд оролцогчдын биеийн өндөр, жин, артерын даралтыг хэмжиж, цус, шээсний шинжилгээ авсан байна.
Гэтэл 607 оролцогч ногоон цай огт хэрэглэдэггүй гэсэн бол 1143 нь өдөрт нэг аягыг 1384 нь 2-3 аягыг, 1784 нь 4 болон түүнээс дээш аягыг уудаг гэжээ. Харин 994 нь кофе огт уудаггүй бол 1306 нь өдөрт нэг аягаас бага, 963 нь өдөрт нэг аяга, 1660 нь хоёр болон түүнээс дээш аягыг уудаг гэж гарчээ.
Ажиглалт 5 жил үргэлжилж, энэ хугацаанд 309 өвчтөн нас барсан байна. Нас барсан хүмүүсийн ихэвчлэн хорт хавдар, зүрх судасны өвчлөлөөр өөд болжээ. Гэтэл ногоон цай, кофе хамгийн их уудаг хүмүүсийн дотор нас баралт тун бага гарсан байна.
Судалгааны үр дүнд өдөр бүр 4-өөс дээш аяга ногоон цай, эсвэл 2-оос дээш аяга кофе хэрэглэх нь нас баралтыг 63 хувиар бууруулна гэж гарсан байна.
Судлаачдын үзсэнээр энэ хоёр ундаа эрүүл мэндэд ийнхүү сайнаар нөлөөлсөн нь ногоон цайнд агуулагдах антиоксидант болон үрэвслийн эсрэг нэгдлүүд, кофенд байдаг фенол зэрэг биологийн идэвхт нэгдлүүд нөлөөлсөн гэж үзжээ. Кофеин нь инсулины ялгаруулалтад эергээр нөлөөлж, түүнд мэдрэг болгодог гэж үздэг байна.
Эх сурвалж: Ria.ru
Орчуулагч: Марта