Тулай өвчин ( GOUT, ПОДАГРА ) гэдэг нь шээсний хүчлийн давс /урат/ үенд хуримтлагддаг үений өвчин юм.
Эмнэл зүйд ихэвчлэн 40 өөс дээш насны эрчүүд болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Тулайн үед ихэвчлэн доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг.
Анхдагч тулайн сэдрэлийн үед 85% нь хөлийн эрхий хурууны 1-р үе гэмтдэг. Хөлийн эрхий хурууны 1-р үений хурц үрэвсэл бол тулайн үед тохиолддог сонгомол шинж юм. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ.
Өвдөлт – Ихэвчлэн өглөө үүрээр гэнэт маш хүчтэй өвдсөнөөс хүмүүс эмчид ханддаг. Өвдөлтийг хүмүүс зүйрлэхдээ 1000 зүүгээр хатгуулж буй мэт өвддөг гэж зүйрлэдэг .Учир нь шээсний хүчлийн талст нь хурц ирмэгтэй байдаг учир зөөлөн эдийг гэмтээж маш хүчтэй өвдөлт өгдөг.
Үрэвслийн шинжүүд – Хурц тулайн үед зарим тохиолдолд халуурч булчин өвддөг. Үеэр хавдаж халах, улайх шинж тэмдгүүд тод илэрнэ.
50-85% нь хөлийн эрхий хурууны үе улайж, хавдаж өвддөг бөгөөд 80% нь дахиж өвддөг. Эмчилгээ дутуу хийх, дэглэм муу баримталснаас өвчин хүндэрч шагай өвдөг мөр тохой бугуй гарын үе өвддөг. Тулай өвчний үрэвсэл бага хөнгөн үед хэдэн цагаас 3 өдөр үргэлжилдэг бол хүнд үед 10-14 хоног үргэлжилдэг. Харин архаг үед 14 хоногоос хэдэн сараар ч үргэлжилж болдог.
ЭМЧИЛГЭЭ :
1. Хоолны дэглэм
2. Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ
3. Шалтгааны эсрэг эмчилгээ
4. Сэдрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ
Хамгийн түрүүнд хоолны дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай.
Пуринээр баялаг дараахи бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно.
Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сырь, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/,архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе. Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ. Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.
Урьдчилан сэргийлэлт:
Тулайн сэдрэлийг эмчлэхээс илүү урт хугацааны урьдчилан сэргийлэлт нь өвчтний цаашдын тавиланд маш өндөр үр дүнг авчирдаг гэдгийг олон улсын судалгаагаар нотолсон байдаг.
Амьдралын хэв маягаа өөрчлөх нь
Тулай өвчний идэвхжилтээс үл хамааран архи уухыг хязгаарлах
Тулай өвчний идэвхжилтээс үл хамааран пурин агуулсан хүнс хязгаарлах
Тулай өвчний идэвхжилтээс үл хамааран их хэмжээний фруктозтой эрдэнэ шишийн сироп хязгаарлах
Тулай өвчний идэвхжилтээс үл хамааран илүү жинтэй/таргалалттай тулайтай өвчтөнд Жингээ бууруулах хөтөлбөрийг зөвлөж байна
Эх сурвалж: Энто эмч цахим хуудас