Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнөөдөр УИХ-ын чуулганд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар үг хэлэхдээ боловсролын салбарт тулгамдаж байгаа шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар хэллээ.
Тэрбээр хэлэхдээ “Боловсролын салбарт хамран сургалтын хувь өндөр байгаа ч сургалтын чанар хангалтгүй байгааг хот, хөдөө, сургуулиуд хоорондын боловсролын ялгаа харуулж байна. Боловсролын салбарт зарцуулж байгаа төсөв хөрөнгө боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэж чадахгүй, үр ашиггүй байна.
Засгийн газраас боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж “Гурван ээлжгүй сургууль”, “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг 2018 оноос эхлүүлж материаллаг хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой үр дүнд хүрээд байгаа ч боловсролын чанарыг сайжруулж ирээдүйн МОНГОЛ ХҮНИЙ төлөвшил, ёс зүй, хүмүүжил, мэдлэг чадварт анхаарах цаг болжээ.
Багшийг хөгжүүлэх, сургалтын стандарт хөтөлбөр, орчин үеийн хэрэглэгдэхүүн, боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэл, төсвийн хуваарилалтын бодлого хэрэгжүүлэх болно.
Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, багшийн орон тоог боловсролын стандарт хөтөлбөр, анги дүүргэлтийн бодлоготой, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй уялдуулдаг болох шаардлагатай байна. Боловсролын салбарт хийгдэх цахим шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоож, зохих өөрчлөлт хийнэ. Ингэснээр сургуулиудын бүлэг дүүргэлт нэмэгдэж, багшийн хүрэлцээ, сургалтын орчин нөхцөл, суралцагчийн сурлагын чанарт ахиц гарна.
Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд эдгээр асуудлуудыг Засгийн газар ирэх оноос цогц байдлаар хэрэгжүүлж эхэлнэ.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна. Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийг ажиллах хүчний өрсөлдөх чадварын бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Улс орны бүтээн байгуулалтын том төслүүдийг дагаад зах зээлд эрэлттэй мэргэжлийн ажиллах хүчин хангалттай бэлтгэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах асуудалтай салшгүй холбоотой юм” гэлээ.