Сонгуульд оролцож буй нам, эвсэл, төрийн болон төрийг бус байгууллагын төлөөллийг оролцуулсан туршилтын сонгууль явуулж байна.
Өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр АН, МАХН-ын зүгээс сонгуулийн санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлдөг талаар мэдээллийг хийсэн. Үүнээс улбаалан СЕХ-ноос туршилтын сонгуулийг явуулахаар болсон байна.
Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг хянаж, бүртгэсэн бөгөөд бүгд хэвийн ажиллаж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд тараагдаад байгаа 900 орчим санал тоолох машинаас ирсэн нам, эвслийн төлөөлөл сонгож, шалгах ажээ.
Энэ үеэр СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг байгаа бол түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, нэр татуулах шүүхийн шийдвэр ирдэг. Мөн нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг мөн л бүртгэлийн байгууллага шалгах боломжтой. Улсын хэмжээн 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулаад гэрчилгээ олгосон. Мөн саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж бүх хэсгүүд дээр тараагдсан. Мөнгө тараасан гэсэн асуудлыг сонгуулийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хэн шалгаж шийдвэрлэх ёстой вэ? гэдэг харьяаллыг тодорхой заасан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөнгө ид зүйл тараасан асуудлыг цагдаагийн байгууллага шалгах ёстой. Мөн эрүүгийн хуулийн дагуу гэмт хэргийн шинжтэй байвал харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгана. Өчигдрийн бичлэгийн тухайд залилангийн шинжтэй байх магадлалтай гэдгийг хэллээ.
Нийтийн байранд нэг хаяг дээр олон хүн байгаа асуудал дээр 2010 оноос эхлэн сонгууль зохин байгуулалтын үйл ажиллагаанд төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу оролцох оролцоог нэмэгдүүлсэн. Сонгогчдын нэрийн жагсаалтыг давхардлагыг арилгах нягтлан шалгах ажлыг улсын хэмжээнд улсын бүртгэлийн газар нэгдсэн удирдлагаар хангаж зохин байгуулж байгаа аж.
Нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамъян “Өчигдөр бид төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргийн талаарх мэдээллийг өгч байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ” гэлээ.
Үүний хариуд СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. СЕХ бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага болохоос биш ямар нэгэн зөрчил, гэмт хэргийг шалгадаг байгууллага биш. Зөрчил гарсан эсвэл гэмт хэрэг гарсан байна гэдгийг эрх бүхий байгууллага шалгаад тогтоосон тохиолдолд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслээд сонгуулийн хороо хуульд заасан арга хэмжээг авахаар хуульчилсан байгаа.
-Бэхэн тэмдэглэгээний тухайд аймаг нийслэл сум дүүргийн сонгууль иргэдийн төлөөлөгчдийн сонгууль тухай хуулийн 64.14 хэсэгт сонгогчийг саналаа өгсөнийг илтгэх ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ хийх хориглоно гэсэн байгаа. Иймээс СЕХ-оос бэхэн тэмдэглэгээ хийхгүй.
-Мөн хяналтын тооллогыг 50 хувьд хийдэг. Тэр 50 хувь нь аль хэсэг байх вэ? Гэдгийг та бүхний оролцоотойгоор сонгож явуулна” гэлээ.
Нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамъян “ Хар машин флаш хийхээр санал зөрөх үү? гэж асуулаа.
Үүний хариуд СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан: “Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах ямар ч боломжгүй, флаш залгах үүр ч байхгүй. Тэнд байгаа үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Тэр лац ямар учиртай вэ гэхээр тэр лац эргээд ирэхэд хөндөгдөөгүй байх ёстой. Хэрэв лац хөндөгдсөн байвал тэр төхөөрөмжид ямар нэгэн гадна нөлөө орсон байна гэдгийг таньж болно. Төв серверт ямар ч асуудал байхгүй. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Сонгуулийн Ерөнхий Хороон дээр байгаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүн халддаг юм биш. Энэ Монгол улс. Сервер энд байгаа. 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох гарах эрх нь хязгаарлалттай. Хоёр л хүн орох эрхтэй. Тэр хоёр хүн нь нууцын баталгаа гаргасан. Энэ хоёр хүнээс өөр орох хүн байхгүй. Энэ машиныг АНУ, Канад, Филиппин ашигладаг. Харин энэ төрлийн цаасан суурьтай саналын хуудастай уншдаг улс маш олон байгаа 40-50 улс бий” гэлээ.
Л.Баяр