Баярын өдрүүдэд цаг агаар дулаарч ихэнх нутгаар нэмэх хэмийн дулаантай байв. Энэ үеэр шар усны үерт автлаа гэсэн хэд хэдэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тухайбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулсан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжинд өчигдөр буюу (2017.3.1)-ны өдөр уулын цас хайлж шар усны үер буусны улмаас 13 айл үерт автжээ. Дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон байна.