Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Соён гэгээрлийн газрын дарга н.Наранцэцэг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон эрдэмтэн мэргэд, зочид төлөөлөгчид, номын сангийн ажилчид оролцлоо.
Ойн баярын үйл ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд энэ оюуны их уурхай болон номын сан ямар хувь нэмэр оруулсныг та бүхэн мэднэ. Аливаа улс орны хөгжлийн хамгийн чухал суурь нь оюуны болон сэтгэлгээний хөгжилтэй шууд холбоотой байдаг. Тиймээс соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллана гэдгээ хэлье. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс Улаанбаатар хотын нийтийн төв номын санд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж ажилласан. Өнөөдөр 40 жилийн ойгоо угтаж байгаа номын сангийн үе үеийн ахмад ажилтан, өнөөдөр үргэлжлүүлж яваа хамт олонд нь нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс 40 жил биш 4 мянган жилийн түүхтэй оюуны их уурхай болох ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргэе. Номын цагаан буян өнөд дэлгэрэх болтугай” хэмээв.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра “40 жилийн ойгоо өнөөдөр угтаж байгаадаа баяртай байна. Хэдийгээр цар тахлаас үүдсэн хорио цээрийн дэглэмд байж, олныг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулж болохгүй байгаа хэдий ч 40 жилийн ойн баяраа угтан номын сангийнхаа фондыг 100 сая төгрөгийн номоор баяжуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн шинэчилж, төв болон салбар номын сангуудынхаа гадна, дотно өнгө үзэмжийг сайжруулж, 500 сая төгрөгөөр RFID систем нэвтрүүлж, бүтээн байгуулалт ололт амжилтын олон ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудад талархсанаа илэрхийлье. Хамт олондоо баярын мэнд хүргэе” гэлээ.
Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 40 жилийн ойгоо угтан баримтат кино бүтээжээ. Мөн өнөөдөр “Онол, практикийн бага хурал” зохион байгуулахаас гадна гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн байлаа.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь анх 1980 оны 10 дугаар сарын 8-нд байгуулагдаж, 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 80 хүний бүрэлдэхүүнтэй таван салбар номын сантай болон өргөжиж, тасралтгүй 40 жилийн турш нийслэлчүүддээ төдийгүй газар газрын уншигчдад хүрч үйлчлэн соёл гэгээрэл эрдэм мэдлэгт хөтлөн түүчээлж ирсэн байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс