Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монголд айлчлал хийхээр өнөөдөр ирнэ. Түүний айлчлал аравдугаар сарын 9-10-ны хооронд үргэлжлэх ба тэрээр өнөөдөр 14:00 цагт газардана.
Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад он дараалж айлчилж байгаа юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм.
Мөн айлчлалын үеэр Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй буюу 0.01 хувийн хүүтэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь дөрвөн жил, зээлийн жилийн хүү 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь аж.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдрийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм. Бид айлчлалын талаарх мэдээллийг тухай бүрд нь уншигч та бүхэнд хүргэх болно.
Л.Баяр