Автомашин импортоор оруулж байгаа аж ахуйн нэгжүүд гаднаас оруулж ирсэн автомашиныг Монголд явж байгаагүй хэмээн зардаг. Гэтэл тухайн автомашин хилээр орж ирэхдээ автомашинаар бүртгүүлэлгүй сэлбэг гэж бүртгүүлэн орж ирсэн байх тохиолдол байна.
Хилээр орж ирэхдээ дундуураа хоёр хуваагдчихсан автомашиныг сэлбэг хэмээн мэдүүлж машины ченжүүд аль нэг засварын газраар гагнуулж янзлуулчихдаг. Үүнийгээ иргэдэд Японоос дөнгөж шинээр оруулж ирсэн мэтээр худалдаалж байна гэж ШӨХТГ-аас үзэж хяналт тавьж эхэлжээ.
Тус газрын дарга хэлэхдээ, “Магадгүй зөвхөн ашиг олох зорилготойгоор цунамид өртсөн, цацрагийн бүсээс япон автомашин оруулж ирж, хүний эрүүл мэнд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор уршигтай зүйл хийж байгаа хүмүүс бий.
Иргэдийг төөрөгдүүлж энэ мэт үйлдлийг хийж буй иргэн, аж ахуйн нэгжид бид хэрэг үүсгэж байгаа. Энэ бол буцааж болох нөхцөл юм. Үүнийг шийдэхийн тулд бид энэ төрлийн автомашиныг хилээр оруулж ирэхгүй байх ёстой. Бид энэ талаар хоёр ажил зохион байгуулж байна.
Сангийн яамны Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төвийнхөнтэй уулзаж, Монгол Улсын хилээр оруулж буй автомашиныг иргэдэд нээлттэй хянах боломжийг олгоно. Тодруулбал, тухайн автомашины арлын дугаараар хөөж, түүхийг нь хардаг системтэй болно.
Авто тээврийн төвийн autobox.mn хуудсанд хандаж, улсын дугаараар тухайн машины түүхийг хардаг байсан бол одоо арлын дугаараар хайж мэдээлэл авах боломжтой болно. Түүнчлэн арлын дугаараар тухайн автомашины Япон дахь түүхийг харуулах боломжийн талаар Японы Элчин сайдын яамтай уулзалт хийсэн. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хилээр оруулж ирэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар баталдаг. Энэхүү жагсаалтад осолд өртсөн, үерт автсан, цацрагийн бүсээс авчирсан автомашиныг багтааж, хилээр оруулахыг хориглох шаардлагатай” гэлээ.