Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр энэ үеэр санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын 3 багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар дурдлаа.
Тэрбээр хэлэхдээ “Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшиж, экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч, зээлийн чанар муудах эрсдэл өндөр байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөлийг чангаруулж байна. Ийм үед санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын 3 багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Нэгт, бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцөлийг зөөлрүүлэх, барьцаа хөрөнгийн жагсаалтыг нэмэгдүүлэх, хугацааг уртасгах зэрэг арга хэмжээг авлаа. Энэ нь банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. Бодлогын хүүг 3 нэгж хувиар бууруулахын зэрэгцээ төгрөгийн заавал байлгах нөөцөөс 324 тэрбум төгрөгийн нөөцийг чөлөөллөө. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор богино хугацаат репо санхүүжилтээр 2.4 их наяд төгрөг, гадаад валютын своп хэлцлээр 1.7 их наяд төгрөгийн нөөцийг банк хоорондын захад нийлүүлээд байна.
Хоёрт, банкны системийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкны хяналт шалгалтын журам, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулж, зээлд бүтцийн өөрчлөлт хийх, актив ангиллын журамд тохиргоо хийлээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд 3.8 их наяд төгрөгийн бизнесийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна.
Гуравт, өрхийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэн хэрэглээг тэтгэж, санхүүгийн хүндрэлийг нь хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авлаа. Энэ хүрээнд 728 тэрбум төгрөгийн 82,868 зээлдэгчийн хэрэглээний зээл, 2.0 их наяд төгрөгийн 38,270 зээлдэгчийн ипотекийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна. Монголбанкны зүгээс авсан эдгээр арга хэмжээ нь цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах замаар сэргэлтийн боломжийг хадгалахад чиглэнэ гэж төв харж байна” гэлээ.
Л.Баяр