Хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төслийн талаар танилцуулав. Тэрбээр “Дэлхий нийтээр цар тахлын нөлөөнд автаж, дэлхийн эдийн засаг 2020 онд тав орчим хувиар агших хүлээлттэй байна. Энэ нь их хямралаас хойшхи хамгийн огцом уналт болж, улс орон бүрд алагчлалгүйгээр сорилт тулгаж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшаад байна.
Экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж, зээлийн чанар муудах эрсдэл өндөр байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөлийг чангаруулахаар байна. Энэ үед санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэв.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийг хямралаас гаргаж, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зарчмыг баримталжээ. Инфляцыг нэмэх, хасах хоёр нэгж хувийн интервалтай зургаан хувийн орчимд тогтворжуулах зорилтод шилжиж буй нь мөнгөний бодлогын онцлог болж байгаа аж.
Гадаад валютын нөөцийн хүрэлцээ импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хадгалагдаж байна. Төгрөгийн харьцангуй уян хатан ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээг алдагдуулахгүй байх, гадаад шокын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үүргийг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Мөнгөний бодлогын хүрээнд:
- Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тулгуурлана.
- Банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
- Төв банкны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчдын хүлээлтийг удирдах зорилгоор олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.
Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:
- Санхүүгийн мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгална.
- Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн сайжруулж, банкны хяналт шалгалт, зохицуулалтын орчинг боловсронгуй болгоно.
- Банк, санхүүгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.
Санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд:
- Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ.
- Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүллэх зорилгоор иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ хэмээн тодорхойлжээ.