Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш хэрэгжиж эхэлснээс хойш нийт таван их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг 88 мянга гаруй өрхөд олгоод байгааг Монголбанк мэдээллээ.
Үүнээс 24 мянга гаруй өрх гэр хорооллоос орон сууцанд орсон байна. Харин орон нутагт 15 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагджээ. Ингэснээр агаар орчны бохирдлыг бууруулах, хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахад голлох нөлөө үзүүлсэн байна.
Мөн энэ хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 11 мянга гаруй өрхийн арилжааны нөхцөлөөр авсан ипотекийн зээлийг найман хувийн зээлд шилжүүлжээ. Энэ нь өрхүүдийн худалдан авах чадвар сайжрах, өрийн дарамт буурахад дэмжлэг болсон гэж Төв банкнаас онцолж байна.
Харин 2020 оноос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоосон боловч цар тахал гарсантай холбоотойгоор Монголбанк дөрөвдүгээр сараас эхлэн энэ он дуустал найман хувийн ипотекийн зээлд санхүүжилт олгож байгаа юм.
Ийнхүү хөтөлбөр хэрэгжсэнээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа учир тус хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай хэвээр байгааг Монголбанк онцолж байна.
Тиймээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг сайжруулах, цаашид санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор тус банкнаас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд ипотекийн зээлийг хүүг бууруулах эсэх асуудал аравдугаар сараас тодорхой болох товтой байна.