Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Симфони найрал хөгжим”, “Морин хуурын чуулга”-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчлэх шийдвэр гаргажээ.
Улсын филармоний “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Соёлын яам, харьяа газруудад ажиллахдаа дээрх байгууллагуудын хөгжмийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсэг хуучирч муудан, ашиглах хугацаа нь 12-23 жилээр хэтэрсэн учир шаардлага хангахгүй болжээ.
Олон улсын стандартад симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа модон үлээвэр болон гуулин үлээвэр хөгжмийн тус бүр дөрөв, утсан хөгжмийн тав, цохивор хөгжмийн 5-10 төрөл буюу нийт 80 гаруй хөгжмийн төрөл дуугарч байх байх ёстой гэж үздэг байна. Улсын филармони нь жилд өөрийн болон олон улсын тайзнаа 120 гаруй тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд ирэх онд 50 жилийнх нь ой тохиох ажээ.