“Монос – Улаанбаатар” ХХК нь Нийслэлийн хэмжээнд эмийн сангийн борлуулалтын зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлдэг бөгөөд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед амны хаалтынхаа борлуулалтыг хязгаарласан нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, амны хаалтын зах зээлд сөргөөр нөлөөлөх, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт явуулж “Монос- Метромалл” салбарт уг зөрчил гарсныг илрүүлжээ.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан “Монос-Улаанбаатар” ХХК-д тухайн бараа бүтээгдэхүүн болох амны хаалтын өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх 6.066.192 төгрөгөөр торгосон юм.
Харин уг шийдвэрийг “Монос -Улаанбаатар” ХХК хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсаныг , Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдаанаар 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан торгуулийг хэвээр үлдээлээ.
Уг үйл явдал Хэрэглэгчийн эрх ашиг ямагт нэгдүгээрт байж, зах зээлд шударга өрсөлдөх хэрэгтэйг санууллаа.