ХҮН-ыг нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцуулах Сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс түдгэлзүүлсэн юм.
Тодруулбал, ХҮН 2018 онд намын үүр, хороодоо татан буулгаж, ИТХ-ын сонгууль товлон зарласны дараа буюу өнгөрсөн наймдугаар сард дахин байгуулсан байна. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуультай зөрчиж байна гэж үзжээ.
Хуульд сонгууль товлон зарлахаас өмнө бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам өрсөлдөхөөр заажээ.
Уг шүүхийн шийдвэрийг ХҮН-ынхан эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийлээ. Тэд өмнө нь ХҮН-ын гишүүн байсан хүмүүс шүүхэд хуурамч тамга ашиглан нэхэмжлэл гаргасан гэв.
Энэ үеэр ХҮН-ын дарга Б.Найдалаа: “ХҮН-д дотоод хагарал, тэмцэл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хууль эрх зүйн хувьд ор үндэсгүй гүтгэлэг хийж сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна. Үүний төлөө нийтээрээ тэмцэж, суулт зарлаж байна. Иргэдийг ирж нэгдээрэй гэж хүсье” гэсэн бол
ХҮН-ын нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр: “Захиргааны хэргийн шүүхийн шүүгч манай намыг сонгуульд оролцуулахгүй байх захирамж гаргаж, төрийн эрх мэдэлтний дохиураар ажиллаж байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт манай намыг оролцуулаагүй. Өөрийгөө өмгөөлөх эрх олгоогүй. Шүүх шударга шийдвэр гаргасангүй. Үүний ард Ардчилсан намынхан байгаа. Ардчилсан намынхан өөрсдөө ардчиллаа уландаа гишгэж байна. Энэ талаар шулуухан хэлэхэд Д.Пүрэвдаваагийн хийж байгаа ажил. Бид нийслэлийн сонгуульд оролцох хүртлээ тэмцэж, суулт зарлаж байна. Тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд ч бэлэн байна” гэлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Бид бүх бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлж, Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Нийслэлийн сонгуулийн хороо бичиг, баримтыг шалгаж, бүртгэхээр шийдвэрлэсэн. Гэвч өчигдөр гэнэт шүүх хурал болж, нэг шүүгчийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэлээ”