Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
/ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа/
“Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам Томуу өвчнөөс сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулъя. Монгол улсын засгийн газраас дархлаажуулалтыг 10 хоногийн хугацаанд 26 дахь жилдээ явуулж байна. Энэ удаад “Томуугаас сэргийлье” уриан доор 10/1-10/10 өдөр хүртэл зохион байгуулна. Манай улс улирлын томуугийн 3 ц А хүрээний H1N1 болон H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан 3 цэнт вакциныг БНСУ-ын Green Cross үйлдвэрээс саяхан хүлээн авсан.
Томуугийн эсрэг вакциныг томуу хамгийн өртөмтгий, хүндрэх эрсдэлтэй хүүхдүүдэд хийнэ.
Нийслэлд
-6 сартайгаас 9 хүртэлх насны хүүхдүүдэд
-Аймгийн төвд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг сургууль дээр нь дархлаажуулалтын түр цэгүүдээр вакцинжуулна.
Эцэг, эх асран хамгаалагч нар вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагуудаар дамжуулан өгч байгаа. Тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлол вакцинд хамрагдсан эсвэл ямар нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан зөвшөөрлийн хуудас дээр гарын үсэг зурсны үндсэн дээр вакцинжуулна.
Насанд хүрэгчид
-Дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэй,
-65 ба түүнээс дээш насны ахмадууд,
-Архаг суурь өвчтэй хүмүүс,
-Эрүүл мэндийн ажилтнуудад харьяа эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Дархлаажуулалтын ач холбогдол нь талаар хэлэхэд дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн ганц хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш. Олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийн хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Дэлхийн 194 оронд бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Иймд та бүхнийг үр хүүхдээ улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулж томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Мөн дан ганц вакцин нь амьсгалын замын халдварт өвчнөөс хамгаалж чадахгүй учир гараа тогтмол угааж, амны хаалт зүүж, олон хүнтэй газраар явахгүй байхыг дахин дахин сануулъя” гэлээ.
Л.Баяр