“Петровис” компанийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг АТГ-аас шалгаж 2019 оны нэгдүгээр сард ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай цагдан хорьж улмаар батлан даалтаар сулалсан байдаг.
Тэгвэл Ч.Даваанямыг дахин хорьсон байна. АТГ-аас Ч.Даваанямын нэр дээрх 4.3 сая ам.долларыг оффшор бүсээс 2017 оны аравдугаар сард Монгол Улсад оруулж ирсэн байдаг.
Ч.Давааням нь “Оюутолгой”-н гэрээг баталсны дараа АНУ-д үнэ бүхий хэд хэдэн хаус, барилгыг Ерөнхий сайд асан С.Баярын эхнэр, охидод шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш “Петровис” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг С.Баярын хөрөнгийг эргэлдүүлж байсан гэж хууль, хяналтынхан хардаж буй.
Харин Ерөнхий сайд С.Баярт 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Оюутолгой” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан хэргээр шүүж, ял оноосон юм.