Сар гаруйхны дараа болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй өнөөгийн төрийн тэргүүн Дональд Трамп, дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарын анхны мэтгэлцээн 9 сарын 29-ны 21 цагаас (Монголын цагаар 9 сарын 30-ны өглөө) Клевланд мужийн Кейс Вестерн Резерв их сургуулийн зааланд болох гэж байна.

Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампани бүхэлдээ өвөрмөц онцлогтой болж байна.

Цар тахал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг бүхэлд нь өөрчилсөн. Бүтэн жил үргэлжилдэг хоёр намын дотоод сунгааны олон арга хэмжээ цуцлагдсан, сонгогчдын оролцоо буурсан, хоёр намын их хурлууд хуралдах боломжгүй болсон, сонгогчдоос хандив цуглуулж мөнгө босгох кампанит ажлууд ихэд хязгаарлагдаж цахим хэлбэр рүү шилжсэн гэх мэтээр дурьдаад байвал уламжлалт сонгуулийн кампанийг эвдсэн олон зүйл боллоо.

Дөрвөн жилд нэг удаа болдог АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай чухамхүү дэлхийг хамарсан цар тахал ийнхүү давхацсан нь ерөнхийлөгч Трампын хувьд хувь заяаны тохиол гэх үү, хараал гэх үү? Учир юу гэвэл 2020 оны эхний хоёр сард Трампын дэмжлэг харьцангуй сайн буюу үндэсний хэмжээнд 49 хувийн дэмжлэгтэй явж байсан бол цар тахал дэгдэж эхлэнгүүт түүний рейтинг унасан. Улмаар АНУ цар тахлын халдварын тоогоор дэлхийг тэргүүлэх болсноос Трампын нэр хүнд уруудсаар байгаа.

Өдгөө АНУ-д 7 сая 300 мянган хүн халдвар авч 209 мянган хүн нас бараад байгаа нь Трампын засаг захиргааны анхнаас нь алгуурлаж үл тоосон хандлагын хар гай гэх хүмүүс олон байгаа юм. Юу болохыг 11 сарын 3-ны сонгуулийн санал хураалтын өдөр л харуулна.

Трамп Байден хоёрын хэн нь илүүрхэж байгаа вэ? Америк сонгуулийн нэг гол онцлог бол намын дотоод сунгаанд сонгуульд өрсөлдөгчдийн нэрс зарлагдсан цагаас эхлэн тасралтгүй явагдах олон нийтийн санаа бодлын судалгаанууд байдаг.

Үндэсний хэмжээний судалгааны олон арван байгууллагууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийг байнга судалж дүнг тухай бүрд нь хэвлэлд тавьж байдаг. 2020 он гарснаас хойшхи Трамп ба Байден хоёрын олон нийтийн дундах дэмжлэгийг дараах графикаас харж болно.

Судалгааны дүнгүүдээр Жо Байден ямагт тэргүүлж байгаа. Гэхдээ 2016 оны сонгуулийн үеийн санал асуулгуудаар Хиллари Клинтон ямагт илүүрхэж байсан ч эцсийн мөчид “хөвөгч муж”-уудын сонгогчдын саналаар Трамп ялчихсан билээ.

Тийм учраас эрдэмтэд санал асуулгын дүнгүүд хөвөгч мужуудын хөвөгч сонгогчдын саналыг дутуу тооцоолсон гэж шүүмжилдэг. Нөгөө талаас “Сонгуулийн коллег” хэмээх Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн системийн онцлогоос болж олон нийтийн дунд рейтинг өндөр, олон сонгогчийн санал авсан ч мужуудад авсан саналаар эцсийн дүн гардаг явдлаас болж судалгааны дүнгүүд зарим жилд эцсийн үр дүнг яг таг заадаггүй.

ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙ УЛАМЖЛАЛ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид сонгуулийн кампанийн сүүлийн шатанд гурван удаа нэг цаг 30 минутын турш халз мэтгэлцэж нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд баримтлах бодлогоо олон нийтэд танилцуулдаг уламжлалтай.

Халз мэтгэлцээн нь нэр дэвшигчдийн хэн болох, бодлогын асуудлаар ямар байр суурьтай байгааг харуулдаг сонгуулийн сурталчилгааны хамгийн чухал арга хэмжээ бөгөөд саналаа хэнд өгөхөө шийдээгүй байгаа сонгогчдын саналд нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Тийм ч учраас хамгийн их үзэгчтэй улс төрийн акц болдог.

Жишээлбэл, 2016 оны Хиллари Клинтон, Дональд Трамп нарын эхний халз мэтгэлцээнийг 84 мянган хүн зурагтаар үзсэнээрээ рекорд тогтоож байв.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн бол бодлогын мэтгэлцээн бөгөөд өөрийн бодлогын давуу талыг харуулж, өрсөлдөгчийн бодлогын сул талыг хайр найргүй илчлэн харуулах зорилготой байдаг. Тийм учраас хувь хүн рүү чиглэсэн дайралт багатай, асуудалд төвлөрдөг онцлогтой. Харин 2016 оны Хиллари Клинтон, Дональд Трамп нарын мэтгэлцээнүүд хэтэрхий хувь хүн рүү дайрсан, бодлого бага яригдсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан.

Мэтгэлцээнүүд их сургуулиудын зааланд олон үзэгчдийн өмнө болдог уламжлалтай. Харин энэ удаа цар тахлаас болж хоёр нэр дэвшигчдийн баг болон хэвлэлийнхний төлөөлөл бүхий ердөө 70 хүн мэтгэлцээн болох зааланд орох юм.

ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙ СЭДЭВ

Энэ удаагийн мэтгэлцээнийг АНУ-ын Fox News ТВ-ийн алдарт хөтлөгч Крис Воллес хөтлөх юм. Тэрбээр мөн 2016 онд Хиллари Клинтон, Дональд Трамп хоёрын гуравдахь мэтгэлцээнийг хөтөлж байсан билээ.

Эхний мэтгэлцээнээр Трамп болон Байдены бичлэгүүд, Ковид-19, АНУ-ын Дээд шүүх, эдийн засаг, АНУ-ын хотуудад гараад байгаа арьс өнгөний ялгаанаас үүдэлтэй хүчирхийлэл, сонгуулийн нэгдмэл байдал гэсэн зургаан сэдвээр мэтгэлцэх юм. Нэг сэдвээр 15 минут, нийт 90 минутын хугацаанд мэтгэлцээн болно. Хөтлөгч мэтгэлцээнийг тэнцвэртэй хөтөлж хэн нэгэнд нь давуу байдал үүсгэхгүй байх үүрэгтэй.

СӨРӨГ СУРТАЛЧИЛГАА

Нэгэнт эрх барьж буй ерөнхийлөгч учраас цар тахлын эсрэг авч буй бүх арга хэмжээ, үр дагавар ерөнхийлөгч Трампын нуруун дээр бууж байна. Дэлхийн тэргүүлэгч их гүрэн атлаа буруу удирдлагаас болж өдгөө Ковид-19 цар тахлаар дэлхийд тэргүүлж байгаад олон америкчууд сэтгэл дундуур байна.

Уг нь Трамп 2019 оны сүүл үед хамгийн олон ажлын байрыг бий болгож Америкийн эдийн засагт сэргэлт авчирсан гэдгээрээ нэр хүнд нь ихэд өсөж байсан билээ.

Тэрээр ерөнхийлөгч болсноос хойшхи гурван жилийн дотор 4 сая гаруй ажлын байр бий болгосноороо өмнөх бүх ерөнхийлөгч нарыг тэргүүлэх болсон юм. Гэтэл “гай газар дороос” гэгчээр Ковид-19 гарч түүний гурван жилийн ажлын ололтыг бүдгэрүүлэв. Өрсөлдөгч АН-ынхан энэ байдлыг ашиглан Америк нийгэмд системийн хувьд шинэчлэл хийх шаардлагатай хэмээн зүүн төвийн үзэл баримтлалыг дэвшүүлж хөвдөг сонгогчдыг татаад байна.

АН-ын дотоод сунгаанаас эхлэн Жо Байден, Берни Сандерс нарын зүүн төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигчид цар тахал Америк нийгэм дэх тэгш бус байдлыг илчлэн харууллаа, иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй нийгмийг бий болгосныг бид бүгд мэдэрлээ, энэ асуудлыг шийдэхийн тулд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн Трампын засаг захиргааг буруутгаж байгаа.

Эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал зэрэг нь цэвэр капиталист буюу ашиг олох зарчимд үндэслэсэн Америкийн системд цар тахлын хүндрэл яах аргагүй илт мэдэгдэж байгаа юм.

Жо Байден тэргүүтэй АН-ынхан Трамп руу ийнхүү дайралт хийж байгаа бол Трампын баг өөдөөс нь мөн хариу цохилт өгч байна. Ингэхдээ Жо Байденыг “тодорхой хийсэн бүтээсэн зүйлгүй, 50 жилийн улс төрийн карьераа л ярихаас цаашгүй байна, харин Трамп ажлын байрыг бодитоор бий болгосон” гэж сурталчилж байгаа юм.

Мөн Трамп 78 нас хүрч буй Жо Байденыг “хөгшин, уймраа” гэдэг дайралтыг үг хэлэх болон твиттертээ байнга дурьдаж байгаа. Тухайлбал, өчигдөр “Байденыг мэтгэлцээнд орохоосоо өмнө эмийн шинжилгээ өгөхийг уриалж байна. Мэтгэлцээнд гялалзсан амжилт үзүүлбэл тэр нь эм хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэх болно” хэмээн жиргэсэн.

Мөн түүний багийнхан Байденыг үг хэлэхдээ будилсан, өгүүлбэрээ дуусгаагүй орхисон бичлэгүүд сошиал сүлжээгээр тарааж “Зөнөж буй өвгөн, бүтэн өгүүлбэр ч хэлж чадахгүй хүн яаж ерөнхийлөгч болох вэ” гэх мэтээр шүүмжилж байгаа юм.

Ер нь америкчуудын дунд ерөнхийлөгчөө эрүүл чийрэг, спортлог, өндөр нуруутай хүн байх ёстой гэх хандлага давамгай байдгийг судлаачид тогтоосон, олон ч удаагийн сонгуулиудаар харагдаж ирсэн. Тэгвэл Жо Байдены талаарх Трампын багийн сөрөг дайралт зарим хүмүүсийн саналыг татах магадлалтай юм. Ийнхүү цар тахалд нэрвэгдсэн Америк сонгуулийн сүүлчийн халуухан үе эхэллээ.

[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=365638327905155″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Трамп, Байден хоёрын эхний халз тулаан”
  1. Трамп дахиад сонгогдчих бхаа, Баден арай л хөгшин, явцгүй санагдаад бгаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн