Холливуд өөрсдийгөө цензурдээд бараг 100 жил болж байна
Цензур гэхээр төрөөс иргэдийнхээ нийтийн орон зайд үг хэлэх эрхийг дарахыг хэлдэг. Ийм төрлийн цензур дэлхийн бусад зах зээлийг бодвол Америкийн кино үйлдвэрлэлд байсангүй. Гэхдээ төрөөс зайгаа барихын тулд Холливуд анхнаасаа л өөрсдөдөө цензур тогтоож эхэлжээ.
1922 онд Холливудын томоохон студиуд нэгэн дор цугларч, МРАА буюу Америкийн кино урлагийн ассоциаци хэмээх нэгэн байгууллагыг бий болгожээ. МРАА-г олонх нь кинонуудад насны рейтинг тавьдаг байгууллага гэдгээр нь мэднэ. Энэ бол хараат бус, төрийн бус компани юм. Уг байгууллага анх бий болох үед АНУ-ын бүх киноны 70-80%-ийг бүтээсэн байсан бөгөөд анхны ерөнхийлөгч нь Уилл Хейс байсан юм. Гэхдээ зарчмын хувьд энэ байгууллагыг яагаад бүтээсэн нь сонирхол татна. МРАА-г байгуулагдахаас 7 жилийн өмнө буюу 1915 онд Дээд шүүхээс «Mutual Film Corp. v. Industrial Commission of Ohio»-ийн хэргээр кино үйлдвэрлэл бол урлаг биш, бизнес гэж тогтоосон юм. Тиймээс үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулах Нэгдүгээр өөрчлөлтөд киног оруулаагүй. Энэ шийдвэр нь кино урлагт цензур тавих үүд хаалгыг нээсэн юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар үг хэлэх, уран бүтээлчдийн чөдөөт байдалд хяналт тавих боломж бүрдсэн гэсэн үг. Конгрессээс цензурын үндэсний комисс байгуулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.
Гэтэл нэгэн удаа, камерын ард гарсан дуулиан энэ салбарыг доргиосон байна. 1921 онд алдарт хошин урлагийн жүжигчин Фэтти Арбакл Холливудын нэгэн үдэшлэгт уригдан оролцож байтал тэрхүү үдэшлэг дээр Виржиния Раппе хэмээх нэгэн эмэгтэй жүжигчин нас баржээ. Ингээд хошин шогийн жүжигчнийг эмэгтэй жүжигчний үхэлд сэрдэж эхлэв. Энэ үйл явдал Холливудад томоохон дуулиан болж, ар араасаа олон үйл явдал дагуулсны нэг нь Холливудад ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй юм байна гэсэн санаа байлаа.
Дуугүй киноны эрин болон дуутай киноны эхэн үед нийгмийн ёс зүй нь хэт бэлгийн амьдрал, харгис хатууг харуулсан үзэгдлүүдээс болгоомжилж эхэлжээ. Студиуд Холливудын бохир нэр хүнд ашигт нь төдийгүй хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.
Ингээд АНУ-ын кино салбарын продюсер, дистрибьютерүүдийн ассоциаци хэмээн анхандаа нэрлэгдэж байсан байгууллага Холливудад бие даасан “цэвэрлэгээ” хийж эхэлсэн байна. Байгууллагыг үүсгэн байгуулсны дараа Хейс болон бусад хүмүүс энэ салбарт “дайн” зарлаж, дэлгэцэн дээрх бохир заваан бүрийг цэвэрлэж хэлжээ. Тэд өөрсдийнхөө үйлдлийг ёс суртахууны зорилготой хэмээн тайлбарлаж байв.
“Мистер Хейс ойролцоогоор гурван долоо хоногийн өмнө цэвэр киног харуулах байр суурь эзлэхээр шийджээ” хэмээн New York Times сонины 1922 оны зургаадугаар сарын 5-ны дугаарт дурдсан байдаг. Цэвэрлэгээний аргад үйлдвэрлэсэн кино бүрт хатуу цензур тогтооно гэжээ.
“Өдгөө үйлдвэрлэгдэж байгаа, мөн цаашид үйлдвэрлэгдэх кинонууд нь бидний үйл хэрэг шударга, үнэний нотолгоо болно” хэмээн Хейс мэдэгдэж байлаа. Цааш нь тэрээр хэлэхдээ Холливудын хамгийн чухад асуудал бол дараа дараагийн кинонуудад ёс суртахуун, уран сайхны дээд стандартыг тогтоох явдал гэж байлаа. Өөрөөр хэлбэл киноны бичлэгээ сэдэв хүртэл бүх зүйл өөгүй цэвэр байх ёстой гэж заажээ.
Энэ байгууллагаас гаргасан энэхүү дүрмийн жагсаалтыг “Америкийн кино компаниудын холбооны хууль” буюу “Хейсийн хууль” гэж нэрлэж байв. Уг хууль 1930 онд гарсан ч 1934 оноос мөрдөгдөж эхэлсэн байна. Энэ үед кино бүтээгчид гудамжны эмх замбараагүй байдал, мансуурлаас бэлгийн асуудалтай контент хүртэлхийг дэлгэцнээ хязгаарлаж эхэлжээ. Хейсийн хуульд дараах зүйлсийг хориглосон байдаг.
Америкийн кино компаниудын дэлгэцээр гаргахыг хориглодог сэдвүүд
-Сексийн үр дүн, өөрөөр хэлбэр жирэмслэл, хүүхэд төрөх үйл явцыг үзүүлж болохгүй
-Гэмт хэрэг, муу үйл эцэс төгсгөлдөө заавал шийтгэл амссан байх.
-“Зандан”, “онгон” хэмээх үгийг хэрэглэж болохгүй
-Шашныг гутаан доромжилж болохгүй, зарчмын хувьд кинонд шашныг үзүүлж болохгүй.
-Үйл явдал нь шаардаагүй бол дүрүүд архи ууж байгааг үзүүлж болохгүй.
-Өс хонзон, орчин цагийн бодит байдлыг гол үзүүлэлтээ болгосон үйл явдалтай байж болохгүй
-Үндэстэн хоорондын болон ижил хүйстний харилцааг үзүүлж болохгүй. (Үүний үр дүнд цагаан арьст бус жүжигчнийг хөлслөх шаардлагагүй болсон)
-АНУ-ын далбаанд гүнээ хүндэтгэлтэй хандах ёстой.
Зарим продюсерууд энэ хуулийг тойрох гэж нэлээд эрмэлзсэн байдаг. Зарим продюсерууд эрсдэл гаргаад, MMPDA-гийн дэмжлэггүйгээр киногоо гаргаж ирсэн байдаг. Ялангуяа үзэгчдийн сонирхол сэргэж, өөр кино хүсэх үед ийм юм гаргаж иржээ. Тухайлбал, 1955 онд гаргасан Отто Премингерийн “Алтан гартай хүн” кино нь хуулиар хориглосон хар тамхины хамаарлыг үзүүлсэн байдаг. Энэ кино ассоциацийн дэмжлэгийг авч чадаагүй ч хүмүүсийн сэтгэгдэл өндөр байсан тул хэд хэдэн кинотеатр худалдан авч, хүмүүс ч үзэж, түүний од Фрэнк Синатра “Оскар”-ын номинацид дэмжиж байсан юм.
Цаг хугацааны явцад хууль дүрмийг зөрчсөн кинонуудын амжилтын ачаар хууль хуучирч эхэлсэн байна. 1959 онд хүүхнүүдээр тоглосон эрчүүд, рэкет, мөрийтэй тоглоом, тэр ч байтугай ижил хүйстний хандлагатай “Жаазад зөвхөн охид” инээдмийн кино дэмжлэг аваагүй ч хит болжээ. Үүнээс хойш удалгүй конгрессоос Холливудын зохицуулалтын аргыг хэлэлцэж эхэлсэн байна. Засгийн газраас ч Холливуд өөрсдөө цензур тогтоож болохгүй юм бол АНУ-ын хууль зүйн системээр болох уу гэж хүртэл хэлэлцэж эхэлжээ.
1968 онд МРАА-гийн рейтингийн систем бий болов
«Interstate Circuit v. Dallas», «Ginsberg v. New York» хэргээрх шүүхийн шийдвэртэй холбоотой Засгийн газрын цензур тогтоох асуудал яригдаж эхлэхэд MMPDA байсан, 1945 онд МРАА болсон ассоциаци төлөвлөгөө гарган ажиллаж эхлэв. Тус байгууллагын ерөнхийлөгч Жек Валентийн удирдлаган дор гаргасан хамгийн чухал шийдвэр нь өөрсдийгөө цензурдэхийг рейтингийн системийн форматаар ангилах болгох явдал байлаа. 1968 онд гаргасан рейтинг нь өдгөө бидний хэрэглэж байгаа рейтингийн өвөг эцэг нь гэж хэлж болно. Кино үйлдвэрлэгчид киногоо МРАА-д сайн дураараа үнэлүүлэхээр өгнө. Үнэлээчид киног үзээд, сэдэв, доторх агуулгаас нь хамааруулан ангилал тогтооно. Кинотеатруудад рейтингээр нь үзүүлж болох бөгөөд үзэгч өөрөө юу үзэхийг хүсч байгаагаа сонгоно. Энэ бол чанарын бус, агуулгын рейтинг юм. Энэ рейтинг 50 жил оршин тогтнох хугацаанд хоёр үндсэн зорилго нь өөрчлөгдөлгүй үлджээ.
-МРАА киног үзэж ангилснаар уран бүтээлч эрх чөлөөнд Засгийн газар нөлөөлөхөөс тогтоон барина.
-Эцэг эхчүүдэд хүүхдүүдээ юугаар баясгах вэ гэдгийг ухамсартайгаар шийдвэрлэхэд тус болох мэдээлэл үзэгчдэд өгнө.
Ерөнхийд нь харахад нь уран бүтээлчдийг төр засгаас хамгаалж, ашигтай мэдээлэл өгдөг гэдэгтэй ихэнх хүн маргахгүй. Гэхдээ МРАА-гийн рейтингүүд байнга л маргаан дэгдээдэг. Учир нь нийгэмд киног аль ангилалд оруулах тухай шалгуурууд байнга өөрчлөгдөж иржээ. 2013 онд л гэхэд тамхидалт гарч байгаа эсэхийг шалгадаг болсон бол 1968 онд тийм зүйл байсангүй.
1985 оны PG рейтингтэй “Ирээдүй рүү аялсан нь” киног үзээд өдгөө ийм их хараалтай, давхар утгатай, харгис хатуу киног ийм ангилалд оруулах нь зөв үү гэж бодож эхэлнэ. Ерөнхийдөө PG-13 рейтингтэй кино илүү ашиг авчирдаг аж.
PG рейтинг нь мөлхөө жаалуудаас томчууд хүртэл үзэж болох ангилал бол G нь зөвхөн хүүхдүүдийнх, R нь бөөнөөрөө үзэхийг хориглодог ангилал юм байна. Гэтэл PG-13 нь өсвөр насныханд ч тэр, насанд хүрэгчдэд тэр, бүгдэд нь тохирдог болохоор хүүхдүүдээ заавал томчууд дагалдан явуулалгүйгээр үзүүлж болдог онцлогтой.
Тиймээс студиуд PG-13 ангилалд дуртай аж. Үүнээс асар их хөрөнгө оруулалт татаж, асар их ашиг олдог.
Хэлний хувьд л гэхэд PG-13 ангилалд «fuck» гэдэг үгий зөвхөн бэлгийн хандлагыг илэрхийлээгүй, аялга үгний оронд л ашиглахыг зөвшөөрнө. PG-13 рейтингтэй кинонд нүцгэлсэн үйл явдал байж болохгүй. Бага зэрэг харгис хатууг үзүүлж болох ч цус аргахгүй,цуст тулааныг үзүүлээгүй байх ёстой гэж заадаг. Ямар ч тачаангуй агуулга шууд л R рейтинг рүү орно.
Харгис хатуугаар нь рейтингт оруулдаг систем амьдралд тэр бүр нөлөөлдөггүй
2018 онд Флоридад бөөнөөр нь буудсан хэрэг гарсны дараа Трамп конгрессын гишүүдтэй уулзаж, буудалцаан, алаан хядааныг багасгах асуудлыг хэлэлцжээ. Тэрбээр кинон дээр гардаг харгис хэрцгий бүхэн үүнийг шалтгаан байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Үнэхээр ч Америкийн кинонуудад галт зэвсэг хэрэглэсэн харгис хэрцгий үзэгдлийг цөөнгүй харуулдаг. Зөвхөн R ангилалд ч биш. 2017 онд Пенсильванийн их сургуулийн Нийгэм-улс төрийн Анненберг судалдааны төвөөс гаргасан судалгаанд Marvel ийн гэх мэт PG-13 ангилалд оруулсан кинонууд R рейтингийн топ кинонуудаас ч илүү их хүчирхийлэл байна гэжээ.
PG-13-ийн форматын кинонууд R рейтингийн кинонуудаас илүү студиудэд хийгддэг. Тиймээс кинон дээрээс буудалцааны үр дагавар, цус, зовлон зүдгүүр зэргийг хасаж, рейтингийг нь бууруулдаг байна. Хэдийгээр энэ судалгаа нь кинон дээрх хүчирхийлэл бодит ертөнцөд нөлөөлдөг гэдгийг тусгаагүй ч Америкийн хүүхдийн эмч нарын академиас харгис хэрцгий контент зарим өсвөр насныханд нөлөөлж, тэднийг илүү харгис хэрцгий болгодог гэсэн цөөнгүй тооны судалгаа бий гэжээ. Америкийн улстөрчид удаан хугацааны туршид хүмүүс рүү үй олноор нь буудаж устгадаг хэргийг харгис хэрцгий кинонуудтай холбох гэж оролдож байсан удаатай.
Анненбергийн 2017 оны судалгаан дээр, “МРАА-гаас инээдмийн баатруудын харгис хэрцгий үйлдэл цус, элдэв бодит үр дагаврыг харуулсан харгис хэрцгий үйлдлээс бага хохирол учруулдаг гэж үздэг” гэжээ. Үүний зэрэгцээ Hollywood Reporter-ээс 2017 онд явуулсан өөр нэгэн судалгаандаа зэвсгийн салбар, Холливудын хоорондын хамаарлыг нарийн баримтжуулсан байна.
Эх сурвалж: The Hunt’s cancellation and Hollywood’s history of self-censorship, explained