Манай улс жил бүрийн тав болон аравдугаар сард дархлаажуулалтын ээлжит аян өрнүүлдэг. Энэ жил аравдугаар сарын дархлаажуулалт “Томуугийн халдвараас сэргийлье” уриан доор 10/1-10/10 өдрүүдэд арван хоног үргэлжлэх гэж байна.
Энэхүү вакцинжуулалтыг Засгийн Газрын санхүүжилтээр эрсдэлд бүлгийн иргэдэд байнгын болон түр цэгээр дамжуулан хийнэ.
Улаанбаатар хотод амьдарч 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт хийлгэнэ. Харин 6 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад хандана.
Аймгийн төвийн 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт хийгдэнэ. Харин 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад очиж вакцинжуулалтад хамрагдана.
Вакциныг хийхээс өмнө эцэг эх, асран хамгаалагч нарт урьдчилан мэдээлэл өгч, зөвшөөрөл авсны дараа хүүхдэд хийнэ.
Вакцин хийлгэхийн өмнө:
- Эмчийн үзлэгт орох
- Сайтар унтаж амрах
- Дулаан хувцаслах
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Вакцины эсрэг заалт:
- Вакцинд хэт мэдрэг хүн
- Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
- Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
- Дархлал дутмагшилтай хүн
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
- Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн
Вакциныг 6 сартайгаас хоёр настай хүүхдэд 2 удаагийн тунг 1 сарын зайтай хийх бол гурваас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд 1 удаагийн тунгаар дархлаажуулна. Энэ удаагийн дархлаажуулалтаар заавал хийх дархлаажуулалтаасаа хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах болно.
Л.Баяр