Улсын Филармонийн хамт олны зүгээс Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс баримтлах Соёлын бодлогод суурилсан, мэргэжлийн хөгжмийн урлагийг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар нийгмийн хөгжлийг дэмжих үндсэн үүргээ чанар хүртээмжтэй гүйцэтгэж уран бүтээлийн тасралтгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын хөгжмийн зэмсгүүдийн тодорхой хувийг яаралтай шинэчлэн сайжруулах нэн шаардлагатай байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн концертын танхимын хүртээмж, бэлтгэл сургуулилтын заал танхим, ажилчид, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөл байдалтай танилцаж яаралтай шийдвэрлэх асуудлуудын дундаас Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын хөгжмийн зэмсэг шинэчлэх ажилд нэн түрүүнд шаардлагатай байгаа 2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын хурлаар оруулж шийдвэрлэхээ амлав.
Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хөгжмийн зэмсэг хуучирч муудан тухайн хөгжмийн хийц, материалаас шалтгаалан ашиглах хугацаа 12-23 жилээр өнгөрч уран бүтээлийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсээд байсан юм.
Үүний дараагаар “Чингис хаан” музей, Үндэсний номын сангийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.
Чингис хааны музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас VIII Богд Жавзандамба хутагт хүртэлх Монголын бүх хаадын түүх, түүнтэй холбоотой үзмэр, археологийн дурсгал, эд өлгийн зүйлийг харуулахаар төлөвлөөд байгаа юм.
Тус музей олон улсын стандартад нийцсэн, түүхийн чухал олдворуудын хадгалалтын системийг сайжруулсан аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах Монгол Улсын соёлын голомт болно хэмээн үзэж байна.
Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөжээ. Музейн бүтээн байгуулалтын ажил 55 хувьтай байна.
Үндэсний номын сангийн өргөтгөлийн барилгыг барихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар 2008 онд Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газар олгосон. Долоон жилийн өмнө барилгын шав тавьсан ч түүнээс хойш 2019 он хүртэл барилгын ажил хийгдээгүй юм. Харин өнгөрсөн оноос эхэлсэн барилгын ажил эрчимтэй өрнөж байгаа юм.
Үндэсний номын сангийн дарга Б.Ичинхорлоо “Үндэсний Номын Сангийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд Монгол Улсын Засгийн Газар онцгой анхаарснаар, энэ жил бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, үндсэн 11 давхар босоод байна. Ирэх онд болох 100 жилийн ойгоороо манай номын сан дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн, цахим номын сантай болж өргөжнө гээд номын ертөнцийнхөн дүүрэн баяртай байна” гэв.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь нийт 11 давхар бөгөөд барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернет танхимууд байрлах ба таваас дээш давхарт үндсэн фондууд байрлах юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Манай улс сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарын хөгжлийн тухай их ярилаа. Соёл, урлагийн салбараа мартсан байна. Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд Засгийн газар анхаарч ажиллана. Байгалийн түүхийн музейгээ барина. Үндэсний урлагийн их театр барина. Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулна. Бид үр хүүхдэдээ өв, соёлоо үлдээх учиртай” гэсэн юм.
Мөн Ерөнхий сайд Үндэсний номын сангийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг, номын сангийн эргэн тойронд ногоон байгууламж, авто машины зогсоол байгуулах хэрэгтэй гээд, нийслэлийн удирдлагуудад барилгын ажлыг урагшлуулахад гарч буй хүндрэлтэй асуудлуудыг нь даруй шийдвэрлэж, компанийн ажилд дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо.