Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү
“Есдүгээр сарын 23-24ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 30-ны өдөр ирж, есдүгээр сарын 1-ний өдөр коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж батлагдсан COVID-19-ийн нийт 313 тохиолдол байгаагаас 303 хүн эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 боллоо. Мөн “КОВИД-19-ийн эмийг бүтээхэд 10 гаруй жил шаардагдана гэж эрдэмтэд хэлж байгаа. Тиймээс тусгайлан бүтээх эмэнд найдах хэрэггүй тул одоо хэрэглэж буй вирусийн эсрэг эмтэй хослуулан биеийн ерөнхий дархлааг сайжруулах эмийг хэрэглэх, хувь хүний онцлогт тааруулж, бусад архаг хууч өвчтэй холбон эмчилж байна” гэлээ.
Л.Баяр