Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ –ын дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам томуугийн дархлаажуулалтын талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
/ХӨСҮТ –ын дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам/
“Манай улс жил бүрийн тав болон аравдугаар сард дархлаажуулалтын ээлжит аян өрнүүлдэг. Энэ жил “Томуугийн халдвараас сэргийлье” уриан доор дархлаажуулалтын 10 хоногийг өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн хувьд 10/1-10/10 өдрүүдэд дархлаажуулалт үргэлжлэх юм. Томуугийн вакцинд аймгийн төвийн 2-5 нас хүртэлх хүүхдүүд, Нийслэлийн 6 сартайгаас 9 нас хүртэл хүүхдүүдийг хамруулна. Хүүхдүүдийг харьяа сум дүүргийн өрхийн эмнэлгийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон сургууль дээр байгуулагдсан түр цэгүүдээр хамруулах ажлыг зохин байгуулна.
Хэрэв таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллээ сургууль, цэцэрлэгийн багш нар заавал мэдээлж улирлын томуугийн вакцин хийх хугацааг хойшлуулна.
Мөн бусад эрсдэлд бүлэг болох 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс эмч, эмнэлгийн ажилтнууд дархлаажуулалтад хамрагдана.
Вакциныг 6 сартайгаас хоёр настай хүүхдэд 2 удаагийн тунг 1 сарын зайтай хийнэ. Гурваас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд 1 удаагийн тунгаар дархлаажуулна. Энэ удаагийн дархлаажуулалтаар заавал хийх дархлаажуулалтаасаа хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах болно. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ бүрэн хамруулахыг уриалж байна” гэлээ.
Л.Баяр