Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 37.2 хувийг 0-1 нас, 30.5 хувийг 2-4 нас, 17.2 хувийг 5-9 нас, 4.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 643 дуудлага ирснээс 33.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1047 орон дээр 514 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 62 буюу 27.6 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон хүүхдүүд байна.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.