Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан Яармагт баригдаж буй 300 ортой эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Нийт долоон блокоос бүрдсэн 34,200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц дуусах шатандаа оржээ. Одоогоор мэс заслын өрөөний дотоод засварыг дуусгахаар ажиллаж байгаа аж. Тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлсэн бөгөөд 11 дүгээр сард ирэх аж. Улмаас тус эмнэлэг 12 дугаар сарын 1-нд ашиглалтад орохоор болжээ.
Нийт 300 ортойгоос 150 нь хүүхдийнх, 150 нь төрөх эмэгтэйчүүдийнх аж. Эмч, ажилчдын 250 орчим орон тоо бий бөгөөд ЭХЭМҮТ-өөс туршлагатай эмч, сувилагч авч ирэхээр төлөвлөж байгаа талаараа хэллээ. ЭХЭМҮТ-ийн ачааллыг хуваалцах зорилготой учир харъяалал харгалзахгүй үйлчилнэ. Гэхдээ ойрхон байршилтай иргэд ихэвчлэн үйлчлүүлэх байх гэсэн таамаг бий аж.