Наймдугаар сарын 31-нээс хойш нийт таван удаагийн гүйлгээгээр 1.818.161 иргэнд ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг тараагаад байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээ.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа: “ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч 2.512.768 иргэн байгаа. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 1.818.161 иргэн хувьцааны ногдол ашгаа аваад байна.
ЭТТ компани 179.8 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь манай төвлөрсөн хадгаламжийн төвийн данс руу шилжүүлснийг бид иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байгаа. Манай төв хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг Монголбанкны багцын гүйлгээгээр шилжүүлдэг бөгөөд наймдугаар сарын 31, есдүгээр сарын 7, 9, 14, 21-нд нийт таван удаагийн гүйлгээ хийсэн. Өчигдөр гэхэд 292.024 иргэний хувьцааны ногдол ашгийг шилжүүллээ.
Одоогийн байдлаар ЭТТ компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн 72 хувь нь хувьцааны ногдол ашгаа аваад байгаа” гэдгийг хэллээ.
ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд өргөн хүрээнд, хүндрэл чирэгдэлгүй тараах ажлыг зохион байгуулах үүднээс коронавируст цар тахлын үед энэ удаад Ebarimt системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг тарааж байгааг албаныхан хэлсэн.
Иргэд цаашдаа хувьцааны ногдол ашгаа авахын тулд үнэт цаасны компанид хандан хувьцааны данс нээлгэж, ямар банкаар дамжуулж ногдол ашгаа авахаа үнэт цаасны компанид мэдэгдэн, баталгаажуулах шаардлагатай юм.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.072 хувьцаагаа өөрийн нэр дээр хувьцааны данс нээлгэн баталгаажуулснаар тус хувьцаа Хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж эхэлмэгц хувьцаагаа худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, нэмж худалдан авах боломжууд бүрдэнэ.
Үнэт цаасны данс нээлгэх бол ЭНД дарж брокерийн компаниудын хаяг, холбоо барих мэдээллийг авах боломжтой.