Хүүхэд бие махбодийн хүчирхийлэлд өртөн, амь насаа алдсан хэд хэдэн хэрэг дуулиан тарьж, олон нийтийг цочирдуулсан ч тэгсхийгээд намжсан. Энэ долоо хоног мөн л хүүхэд хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амь насаа алдаж, хүмүүс харуусан халаглаж бас амтай болгон буруутныг хайж байна.
Дуулианы мөрөөр УИХ-ын эмэгтэй гишүүд амь орж, цагдаагийн байгууллагаас төлөөлөл дуудан уулзаж, ширүүн харц шидлэн “Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг өссөн, бэлгийн хүчирхийллийн хэрэгт дүн шинжилгээ хийж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үндсэн гурван шалтгаан бий гэж үздэг. Нэгдүгээрт, гэр бүлийн салалт. Жилд дунджаар 3000 орчим гэр бүл салсны улмаас 6000 орчим хүүхэд өнчирдөг мөн хүүхдэд тавих хараа ханалт муу байна. Бас цахим хяналт сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг гарч байна” хэмээн мэдэгдэв.
УИХ-ын гишүүдийн ярьж байгаачлан гэмт хэргийн судалгаа хийснээр ямар үр дүн гарах вэ. Тэдний гаргаж тавьсан баримт, мэдээллүүд харамсалтай үйл явдлаас улбаатай харуусал халагдал, хараал зүхэл, үзэн ядалт, талцал, нэг нэгнийхээ үзэл бодлыг буруутган зөвтгөсөн хийрхлээс хэтрэхгүй. Ингэлээ гээд асуудлыг шийдэж чадах уу?
Тэд учир шалтгааныг ухаж төнхөж, хүчирхийлэл үүсээд байгаа гэр бүлд болгонд очиж, айл гэрийн амьдралыг тэд зохицуулж дийлэхгүй нь тодорхой. Тийм боломж, цаг зав ч байхгүй.
Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажлыг идэвхижүүлж, сошиал орчинд нөлөөллийн контентууд бэлтгэн нийлүүлдэг. Эрхэм гишүүд тэрхүү нөлөөллийн контентыг шэйрлэн бусдад түгээн, тарааж байгаагүй. Үнэхээр асуудалд сэтгэл тавьж байсан бол тэд энэ төрлийн сэрэмжлүүлэг контентод анхаарлаа хандуулж, иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх ажлыг хийгээд явж байх учиртай.
Нийгмээ судлаж, дүгнэлт хийж, бодлого тодорхойлох гишүүд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, өнөөдөр тайзан дээр зогсоод гоё ярих биш Цагдаагийн байгууллагын хүүхдийн төлөө хийж байгаа ажилтай танилцаад тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, арга зам эрэлхийлсэн бол тэдний үйлдлийг чин сэтгэлийнх гэдэгт итгэж болох байв.
Цагдаагийн байгууллага хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцлийн талаар олон удаа ярилцлага, мэдээ мэдээлэл хүргэж байсан. Албаны хүмүүсийн энэхүү яриануудыг өдий хүртэл сонсоогүй, анхаарч ч хараагүй гишүүд жаахан мэдрэмжтэй байж, нийгмээ таньж мэдэж, хөрсөнд буусан ажил хиймээр санагдана.
Оюун санааны ертөнцөд амьдардаг учраас л хүн адгуус, амьтнаас ялгарч байдаг. Гэвч өнөө цагийн хүмүүс оюун санааны хувьд уруудан доройтож, адгуус амьтнаас долоон дор үйлдэл хийх болсныг сүүлийн үед гарч буй онц хүнд гэмт хэргүүдээс харж болно.
Өнөөдөр монголчууд нийтээрээ оройтоогүй дээрээ “Бид яагаад адгууслаг ертөнцийг бий болгож, хүний санаанд багтамгүй харгис, хэрцгий хэргийг үйлдэх болов” гэдгийг судлан шинжилж, асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, шийдэл хайх хэрэгтэй болжээ. Эс бөгөөс нийгмийн энэхүү эмгэгт үзэгдэл дээр шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид, улстөрчид нь дөрөөлж, өөрийгөө нийгэмд дөвийлгөн харуулахаар хичээдэг болсон тайзыг нураан унагаж дийлэхгүйд хүрчээ.
Н.ЧИНЗОРИГ