Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар 59 настай эрэгтэй самар түүж яваад сураггүй алга болжээ.
Тухайн эрэгтэй есдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн есдүгээр сарын 21-ний өдрийн 08:30 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Эрэн хайх ажиллагааг нэгдүгээр бүлэг “Баянгол” гэдэг газраас “Хийдийн даваа” гэдэг газар хүртэл 18 км явганаар, хоёрдугаар бүлэг “Харлагийн зүүн салаа” гэдэг газраас “Хийдийн даваа” гэдэг газар хүртэл 20 км явганаар зохион байгуулжээ.
Эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоожээ. Өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.