Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлыг Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан талаар өмнө нь бид мэдээлж байсан.
Тэгвэл одоогийн хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбогдуулан дээрх асуудлаар ажлын хэсэг судалж байгаа ажээ. Судалгаагаар одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 мянга гаруй зээлдэгчдэд 8 хувийн хүүтэй олгосон байна. Зээл авсан иргэдээ судлаад үзэхээр дийлэнхдээ 2 сая төгрөгөөс дээш орлоготой, сарын дундаж төлөлт нь 681 мянган төгрөг төлж байгаа иргэд байгаа аж. Энэ нь нөгөө талаараа улсын дундаж өрхийн орлого болох 1.3 саяас доош орлоготой иргэд төдийлөн сайн хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр энэ нь яг зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм байна. Үүний шалтгаан нь сарын төлөлт нь тухайн өрхийн орлогоос өндөр байна гэсэн шаардлагаар банкнаас буцаад байна.
Тиймээс ажлын хэсэг энэ байдлыг судлаад хүүг бууруулах нь хамгийн найдвартай, боломжтой юм байна гэж үзээд 6 хувийн зээлийг үргэлжлүүлэх судалгаа тооцоо гаргасан ажээ.
Харин ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд 6% руу шилжиж болохгүй ажээ. Тодруулбал 8%-ийн зээлтэй иргэдийг 6% руу шилжүүлнэ гэвэл улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай ба коронавируст цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтийг тусгах боломжгүй юм.
8%-ийн зээлээр орон сууц авсан хүмүүсийг 6% руу шилжүүлж дахин санхүүжилж байхаар шинээр зах зээл дээрээс 6,000 айлын орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх үүднээс шинэ зээлдэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаа талаар мэдээлсэн байна.
Харин 8%-ийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад, дараагийн орон сууцаа авахад 6%-ийн хүүтэй зээл авах боломж юм байна.
Орон сууцны ипотекийн зээлийн 8%-ийн хүүг бууруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм.
Л.Баяр