Өнгөрсөн амралтын өдрүүдэд албан ёсоор нээлтээ хийсэн “Үндэсний номын баяр-28” дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Баярын ач холбогдлыг үнэлэн анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар Зарлигийн дагуу УИХ-ын даргын ивээл доор жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулагддаг болсон.
Номонд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдийн хүсэн хүлээдэг энэхүү баяр нь уламжлалт хөтөлбөр, арга хэмжээнээс гадна нэгэн сонирхолтой дөрвөн номинацаар баяжигдсан баяр боллоо хэмээн утга зохиолын хүрээний судлаачид болон уншигчид ам сайтай байна.
Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Соёл, Урлагийн Газар”-ын дарга, доктор Ц.Нацагдолгорын санаачилгаар утга зохиол судлалын “Шилдэг шүүмж” бүтээлд судлаач О.Содномпилийг тодруулж, ном хэвлүүлэх, “Чингис Хааны тухай хамгийн олон номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Э.Пүрэвжавыг тодруулж, Бие даасан үзэсгэлэн гаргах эрхийг бичгээр, “Хамгийн олон үнэт ховор номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Р.Отгонбаатар тодорч, Телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэгт оролцох, “Монгол судлалын арвин номын сантай” цуглуулагчаар судлаач Ж.Раднаабазар тодорч, цуглуулгын танилцуулга (каталог) хэвлүүлэх эрхийн бичгээр тус тус урамшууллаа.
Тухайн иргэн болоод судлаачдыг салбарын мэргэжлийн экспертүүд шалгаруулж санал болгосноор ЗГХА Соёл, урлагийн газрын дарга, доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор, МЗЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, СГЗ До.Цэнджавын хамт “Батламж”-ийг үндэсний номын баярын нээлтийн үеэр утга төгөлдөр гардуулсан юм. Ташрамд өгүүлэхэд, нэр хүндтэй энэхүү “Батламж”-ийг жил бүр уламжлал болгон олгох ажээ.
Эх сурвалж:Соёл, урлагийн газар