Цар тахал дэлхийн улс орнуудыг эдийн засгийн хүчирхэг, буурайг ялгахгүй хямралд өртүүлсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Гэсэн ч тэргүүлэх эдийн засагтай орнуудын тухайд хөл хориогоо цуцалж эдийн засгаа сэргээхийн тулд эрчимтэй ажиллаж байна.
Тухайлбал, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын иргэд наймдугаар сард 495 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авсан нь өмнөх сараас 0,5 хувиар өсчээ. Мөн ажилгүйдлийн түвшин 5,6 хувь болж буурсан байна.
Энэ талаар “Аялалын хоригийг сулруулснаар хөдөлмөрийн зах зээл тогтвортой болж эхэлсэн. Хүмүүс өнгөрсөн хугацаан дахь алдагдлаа нөхөхийн тулд шаргуу ажиллаж байгаа” гэж Үндэсний статистикийн хорооны хэвлэлийн ажилтан Фу Линхуй ярьжээ.
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай Канад, Франц, Итали, Герман, Япон, Их британи, АНУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд унасан. Гэвч 6,8 хувиар буурсан Хятадын эдсийн засаг долдугаар сард нэг хувиар өссөн байна.