Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ: Дэлхий хэмжээнд коронавирусийн халдвараар 28 сая гаруй хүн өвчилж, 900 мянга гаруй хүн эндэж байна. Нас баралт АНУ, Энэтхэг, Мексик улсуудад хамгийн өндөр байна. Харин манай улсын харьяалагддаг бүсэд өвчлөл харьцангуй бага байгаа юм.
Есдүгээр сарын 11-ний байдлаар Хятад улсын бүх мужуудыг бага эрсдэлтэй гэж үнэлсэн тул Ухань муж есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн олон улсын нислэгээ нээхээр төлөвлөж байна.
ДЭМБ-ын хийсэн судалгаанаас харахад таван бүсийн 150 улсын 90 гаруй хувь нь эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ тасалдаж, хөгжил буурай улс орнуудад хамгийн их бүртгэгдсэн байна. Ирэх саруудад халдвар ээлжилж ихсэх, багасах хандлагатай байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарч байгаа өөрчлөлтийг бодит хугацаанд нь хянах мэдээллийг тогтмол цуглуулж, зохицуулалт хийх шаардлагатай байгааг анхаарууллаа. Манай улсын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, чадамж, нөөцийн мэдээллийг бүх төвшний байгууллагаас өдөр бүр цуглуулж төлөвлөлт зохицуулалтыг хийж байна.
Л.Баяр