АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болно. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч хоёр улстөрч хоёулаа архи огт амсдаггүй гэдгээрээ алдартай. Трамп, Жо Байден нар амьдралынхаа ихэнх хугацааг архи огт уулгүй өнгөрөөжээ.
Байдены ээж нь архины гүн хамааралтай байсан нь гэр бүлд нь сөргөөр нөлөөлжээ. Ингээд л Жо багаасаа архи бол амьдралын дайсан гэдгийг ухаарч, огт амсдаггүй хүн болон төлөвшсөн байна. Харин Трампын хувьд яагаад уудаггүй вэ?
Доналд Трамп 2015 онд архинаас зайлсхийдэг гэр бүлийнх нь нэгэн түүхийг ярьжээ. Түүний ах Фред 43 насандаа нас барсан юм. Олон жил архи уусан ахынх нь зүрх гэнэт л нэг өдөр хаагдсан гэдэг. Энэ аймшигт түүхийг дүү нь бүхий л насандаа санаж, “Надад Фред гэдэг ах байсан. Маш сайн залуу. Том, сайхан бие хаатай. Гайхалтай хүн байсан. Хамгийн сайн үлгэр жишээ байлаа. Надаас хэд дахин илүү” хэмээн Трамп дурсчээ.
Хэдийгээр Фред ах нь архины гүн хамааралтай, түүндээ амьдралаа мэдүүлсэн хэдий ч Доналд одоо ч ахыгаа өөрийнх нь мэдэх хамгийн агуу хүн байсан гэдэг боддог гэнэ.
“Түүний хувь заяа миний зүрхийг хөндүүрлүүлдэг юм. Амьдралд нь бүх зүйл байсан. Ухаантай, баян, сайхан, залуухан. Урьд нь аз жаргалтай өдий төдий амьдрал байсан. Яг л жекпотноос хожсон мэт байлаа” гэжээ. Фред Доналдад архи хортой, дандаа л таагүй зүйлд хүргэдэг гэдэг ч өөрөө өдөр бүр уудаг, хэлснээ биелүүлдэг байсныг тэмдэглэсэн байна. Нүдээрээ энэ бүгдийг үзсэн болохоор Трамп эндээс сургамж авчээ.
2017 онд Нью-Йоркт НҮБ-ын нэгэн арга хэмжээн дээр Трамп хундагатай дарс өргөсөн нь гэрэл зургийг хальснаа буужээ. Энэ бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулсан албан ёсны үдийн зоог байсан юм. Олон нийтийн сүлжээгээр Доналдыг дор нь л худалчаар нь дуудаж байлаа.
Гэвч энэ үйл явдлыг анхааралтай ажиглавал АНУ-ын Ерөнхийлөгч үнэхээр хундагатай дарс өргөдөг ч амсалгүй уруулаа хүргээд тавьсан нь харагддаг байна. Мэдээж энэ бол хүндлэл, уламжлалын илэрхийлэл шүү дээ.
“Архи уудаггүй нь миний цөөн тооны сайн чанаруудын нэг. Хэрвээ би уудаг хүн байсан бол зүгээр л аймшигтай хүн байх байлаа” хэмээн Трамп хошигножээ.