Хөгжлийн банкнаас шаардлага хангахгүй үзүүлэлттэй аж ахуйн нэгждээ зээл авч, тус банкны удирдах албан тушаалтныг өдөөн хатгасан хэрэгт яллагдагчаар татагдсан “Алтай констракшн” компанийн захирал, тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ. Тусгай үүргийн онгоцоор ирж, 21 хоног тусгаарлагдаад байсан түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар наймдугаар сарын 10-наас эхлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Хэдийгээр Х.Бат-Эрдэнэ нуруу өвдсөн хэмээн тэргэнцэртэй шүүх хуралд очиж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангийнхан хүлээн авахгүй гэж байсан ч шүүгч нэгэнт захирамж гаргасан учраас түүнийг биелүүлэхээс өөр аргагүй болсон. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт түүний цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг хэлэлцэх хурал дээрх шүүхэд болж, үргэлжлүүлэн хорих захирамж шүүгч гаргажээ.
Тэрбээр хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компанид Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэхдээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Балганы Батбаярыг хатгаж, чанаргүй, барьцаалбарын шаардлага хангахгүй байхад зээл олгуулсан хэрэгт түүнийг буруутгаж буй билээ.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банканд барьцаалсан, “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа юм. Тиймээс “Алтай групп” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр нарын хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт хамжигч, хатгагчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцоод байгаа юм.
Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярын хувьд дээрх хэргээс гадна НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгт давуу байдал олгосон хэмээн мөн яллагдагчаар татагдаад байгаа билээ. Хөгжлийн банкнаас НВЦ компанийнханд 21 сая ам.долларын санхүүжилт өгсөн ч уг мөнгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй, урьд нь авсан зээл, түүний хүүгийн төлбөрт өгч, заримыг нь шамшигдуулсан хэмээн Ц.Баатарбилэгийг буруутгасан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа