Голомт банкны Борлуулалтын хэлтсийн захирал Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Орлогоосоо тодорхой хэсгийг хуримтлуулах нь зөв гэдэгтэй санал нийлэх хэсэг байхад мөнгөө хадгалахгүйгээр өдөр тутмынхаа амьдралд зарцуулж, хүссэн худалдан авалтаа хийхийг сонгодог нь ч бий. Хуримтлалтай байх, хуримтлалгүй байх хоёрын ялгаа нь юу вэ?
-Хадгаламжийн талаар нэг харилцагч маань дансандаа хэдэн төгрөгтэй, өнөөдөр яана маргаашаа яана гэж санаа зовдоггүй хүн тайван, аз жаргалтай байдаг юм байна шүү дээ гэж хэлж байсан. Амьдралыг мэдээж мөнгөөр хэмжихгүй ч таныг тайван байлгах, илүү аз жаргалтай байхад зайлшгүй тусалдаг.
Ковид-19 бидэнд хуримтлалын ач холбогдлын тухай маш сайн хичээл болж байна. Зарим байгууллага зохион байгуулалттайгаар ажилтнуудаа бага цагаар ажиллуулах, амралт өгөх, зарим сард цалин өгч чадахааргүй нөхцөл байдлууд үргэлжилсээр л байна. Үүний улмаас иргэдийн орлого тасарч эхэлсэн.
Сар бүр орох л ёстой гэж боддог цалин орлого орохоо больчихоор өдөр тутмын хоол хүснээс авахуулаад байрны мөнгө, зээл яах билээ гэсэн бодлууд хамгийн түрүүнд орж ирнэ. Энэ үед ямар ч хадгаламжгүй бол, магадгүй цалингийн зээлээс цалингийн зээлийн хооронд байдаг хүмүүст маш хүндээр тусах нь гарцаагүй.
“Гэнэтийн тохиолдол гараад орлого тасарвал яах вэ, бие өвдөөд нэг сар ажилдаа явж чадахгүй болчихвол ар гэрийн санхүү хэвийн байх уу гэх зэргээр бодож үзээд зайлшгүй хуримтлалтай байх хэрэгтэй.”
Монголын тогтмол орлоготой иргэдийн тал хувь нь цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ ямар нэгэн асуудал тулгарахад ашиглах эрсдэлийн хуримтлалтай байх хэрэгтэй. Гэнэтийн тохиолдол гараад орлого тасарвал яах вэ, бие өвдөөд нэг сар ажилдаа явж чадахгүй болчихвол ар гэрийн санхүү хэвийн байх уу гэх зэргээр бодож үзээд зайлшгүй хуримтлалтай байх хэрэгтэй.
Цаашлаад ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хуримтлалын талаар бодох нь зөв. Таван жилийн дараа гэхэд та яг өнөөдрийнх шигээ амьдарсаар л байх уу? Мэдээж өнөөдрөөсөө илүү сайхан амьдрахыг хүснэ. Үүнд зориулсан хуримтлал зайлшгүй байх ёстой.
-Хуримтлуулмаар байгаа ч цалин орлого нь ахуйн зардал, зээлээ төлөөд л таардаг, боломжгүй байна гэх хүмүүс олон. Ямар хэмжээний орлогоос сард хэдэн хувийг хадгаламжид хийх боломж байгаа талаар судалгаа байдаг уу?
-Үнэхээр бага цалинтай, түүндээ тааруулаад хямд худалдан авалт хийдэг, магадгүй тэтгэмжээр амьдардаг бол хуримтлуулна гэдэг мэдээж хэцүү. Эдгээр хүмүүст нийгмийн халамж, төрийн бодлого үйлчлэх ёстой. Харин тогтмол дундаж орлоготой, цалин аваад амьдарч байгаа хүмүүс хуримтлалтай байна уу гэхээр үгүй. Дундаж давхаргын, дундаж түвшний амьдралтай хүмүүсийн талаар яриад байна л даа.
Тэд хуримтлалгүй байна, дээрээс нь зээлтэй, зээлээс зээлийн хооронд байна. Эдгээр хүмүүс үнэхээр хуримтлуулах боломжгүй байна уу гэдэг судалгааг бид янз бүрийн түвшний 600 гаруй өрх айлд хийж үзсэн. Судлагааны дүгнэлтээр дундаж орлоготой өрх сард орлогынхоо 10 хувийг чөлөөтэй хуримтлуулах боломжтой гэсэн үр дүн гарсан.
Үүнд тухайн өрхийн ам бүл, хоол унд, зээл, тээврийн зардал гэх мэт хэрэглээний зардлыг бүгдийг багтааж үзсэн байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд 2020 оны 1-р улирлын байдлаар иргэдийн дундаж цалин 1,2 сая төгрөг байна. Тэгвэл хүн бүр сар болгон 120 мянган төгрөг хуримтлуулж байна уу гэвэл үгүй гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.
Бид өөрсдийгөө хэтэрхий бусадтай харьцуулж, олсон орлогоосоо давсан зарлага гаргадгаас хуримтлал үүсгэж чадахгүй байна. Тийм учраас таны мөнгө хүрэхгүй байна. Магадгүй зайлшгүй хэрэгцээ гэхээсээ илүү харагдахыг хүссэн зүйлд таны ихэнх мөнгө зарцуулагддаг.
-Таны хувьд хэрхэн хуримтлуулдаг вэ? Та өөрийнхөө хуримтлуулдаг арга барилаас, хуримтлуулах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудаас хуваалцаач?
“Богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох гэсэн ойлголт байдаггүй. Хуримтлал бага дүнгээр байх нь хамаагүй, хамгийн гол нь тасралтгүй, тогтмол байх ёстой.”
-Миний хувьд зорилгодоо чиглэсэн хуримтлал үүсгэдэг. Миний маш сайн ойлгосон зүйл бол богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох гэсэн ойлголт байдаггүй. Хуримтлал бага дүнгээр байх нь хамаагүй, хамгийн гол нь тасралтгүй, тогтмол байх ёстой. Энэ хамгийн чухал дүрэм.
Би одоогоос 8 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр нээсэн хадгаламж маань өнөөдөр 10 гаруй сая төгрөг болсон байна. Энэ дүнгээ ихэсгээгүй, өнөөдөр ч 20 мянга хэвээрээ байгаа. Гол нь энэ хугацаанд дундаас нь цуцалж дуртай зүйлээ худалдаж аваагүй, тууштай хуримтлуулсан. Магадгүй энэ мөнгийг олон жилийн дараа орлого буурах үед хэрэглэж болно.
Хадгаламжийг ганц хоёр жилээр бүү хараарай. Эрсдэлээ даах, ирээдүйдээ хөрөнгө оруулалт болгож байгаа хадгаламжийг хамгийн багадаа 3 жилээс 10 жилийн хугацаатай харах хэрэгтэй. Ингэхдээ та заавал их мөнгө хийх хэрэггүй. Ядаж сар бүр 20 мянган төгрөг хийгээд бай.
-2016 онд Манай улсын 820 мянга гаруй өрхийн 760 мянга нь аль ч банканд ямар ч хуримтлалгүй гэсэн судалгаа байсан. 4 жилийн дараа энэ байдал хэр өөрчлөгдсөн байна вэ? Өнөөдөр Монгол Улсын нийт өрхийн хэдэн хувь нь хуримтлалтай байгаа вэ?
-Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг эхлүүлэхдээ бид энэ судалгааг хийж байлаа. Тухайн үед хөтөлбөрийг гаргахдаа зөвхөн хадгаламжийн хөтөлбөр гаргаад мөнгөө хадгалаач ээ гээгүй. Монголбанк, Монголын банкны холбоо болон бусад арилжааны банкнуудаа уриалаад Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Үүнд иргэдэд санхүүгийн боловсрол олгох мөнгө, цалин гэж юу болох, зарцуулалтаа зөв удирдах, хуримтлалыг яаж хийх ёстой, үүний тулд банкны ямар үйлчилгээнүүд байдаг тухай, сард хэдэн төгрөг хуримтлуулснаар хэр хугацааны дараа хэдэн төгрөгтэй болох боломжтой зэрэг санхүүгийн талаар цогц мэдлэг түгээж, үйлчилгээгээ сайжруулан хүргэсэн. 4-5 жилийн дараа Голомт банкан дээр сар бүр тогтмол хуримтлуулдаг, үр шимийг нь хүртдэг 70 мянган иргэн, хөтөлбөрт нэгдсэн 200 мянган иргэн байна.
-Голомт банк иргэдийг хадгаламжтай болохыг дэмжсэн ямар бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож байна вэ?
-Дээр хэлсэнчлэн Үндэсний хуримтлалын бүтээгдэхүүнээс гадна энэ оны 7 дугаар сараас бид “Витамин ₮” хөтөлбөрийг зарлаад байна. Бид дархлаагаа дэмжих ёстой, эрүүл байх ёстой, ингэснээрээ өвчнөөс сэргийлж чадна гэдгийг сайн мэддэг болсон.
Тэгвэл бид санхүүгийн хувьд дархлаатай юу? Нэг асуудал тохиолдоход та шууд зээл авах арга замыг сонгож байна уу, амьдрал ахуйд тань нөлөөлж байна уу гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Хэрвээ нөлөөлж байвал та санхүүгийн дархлаагүй байна гэсэн үг. Тэгвэл дархлаатай болохын тулд ерөөсөө л хуримтлалтай л байх хэрэгтэй.
Тиймээс бид хуримтлалыг дэмжин хадгаламждаа орлого хийсэн 100 мянган төгрөг тутамд сугалаа өгье, сугалаанд оролцоод 122 азтаны нэг болоорой гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Азтан болохгүй байсан ч та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ.
-Орлогоосоо тогтмол татуулж хадгалдаг ч хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө цуцалж, хадгаламжгүй болох тохиолдол бишгүй бий. Ингэхгүйн тулд хувь хүн санхүүгээ хэрхэн удирдах хэрэгтэй вэ?
-Боломжтой хэмжээнээсээ давсан мөнгөн дүнгээр хадгаламж нээдэг нь гол асуудал. Тэгтэл амжиргааны зардал хүрэхгүй байх, амьдрал баялаг болохоор мөнгөтэй холбоотой жижиг асуудлууд гарч ирэх бүрт стресстдэг. Ингээд цуцлах тухай боддог.
Тиймээс эхний дүрэм бол бага ч хамаагүй тууштай хадгал, яваандаа хуримтлалынхаа хэмжээг боломжийнхоо хэрээр ихэсгэ. Хоёр дахь дүрэм нь хадгаламж чинь зорилготой байх ёстой. Зүгээр л мөнгөтэй байх хэрэгтэй байна, хадгаламжтай болъё гээд хуримтлуулж байгаа бол дундуур нь өдөр тутмын жижиг сажиг асуудал тулгарахад хадгаламжаа цуцалчихаад байгаа юм.
“Хэрвээ та хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн бол, хэрвээ орон байрныхаа төлөө зориулж хадгалж байгаа бол нэг өдрийн хоолны мөнгөний төлөө хадгаламжаа цуцлахгүй. Хүн орон байрныхаа мөнгөнөөс хэзээ ч хоол иддэггүй. Энэ л хадгаламжийн зорилгын утга учир.”
Шаардлагатай бол магадгүй зорилго зорилгоор нь тусдаа хадгаламжийн 10 данстай ч байж болно. Жишээ нь, 20 мянган төгрөгийн хадгаламж тань магадгүй таны 20 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа хэрэглэх мөнгө байж болно. Хүүхдийнхээ ирээдүйд зориулаад нэр дээр сар бүр 50 мянган төгрөг хийдэг байж болно.
Магадгүй 2 жилийн дараа байраа томруулъя гэж төлөвлөөд гэр бүлээрээ хамтдаа сар бүр 500 мянган төгрөг хадгалдаг байж болно. Ингээд зорилго тавьсан хадгаламж цуцлагддаггүй. Яагаад гэвэл надад асуудал тулгарлаа, магадгүй нөгөөдөр цалин буух хүртэл маргаашийн өдрийн хоолны мөнгө хэрэгтэй боллоо гэхэд зүгээр л хадгаламж нээсэн хүн хамгийн түрүүнд хадгаламжаа боддог.
Харин зорилго тавьж хадгалдаг хүн бол гэрээсээ хоол бэлдэж явах ч юм уу, энэ асуудлыг янз бүрээр шийдэх боломжийг эрэлхийлж, өөр гаргалгаа олдог. Хэрвээ та хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн бол, хэрвээ орон байрныхаа төлөө зориулж хадгалж байгаа бол нэг өдрийн хоолны мөнгөний төлөө хадгаламжаа цуцлахгүй. Хүн орон байрныхаа мөнгөнөөс хэзээ ч хоол иддэггүй. Энэ л хадгаламжийн зорилгын утга учир.
-Яг одоо хадгаламж нээхээр шийдсэн, дөнгөж шинээр нээж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Та цалин авдаг, төлбөр тооцоогоо хийдэг гол банкан дээрээ хадгаламжтай бай гэж би зөвлөнө. Цалин буудаг эсвэл орлого ордог өдөртөө хадгаламжийнхаа данс руугаа автоматаар татуулдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хадгаламжаа заавал Голомт банканд нээгээрэй гэж би хэлэхгүй. Харин та Голомт банкны харилцагч мөн бол хадгаламжаа нээсэн үү гэж асууя.
Нээгээгүй байгаа бол одоо л цаг нь, яагаад гэвэл манайд хамгийн өндөр хүүтэй хадгаламж байна. Дээрээс нь “Витамин ₮” хөтөлбөрт хамрагдаад хадгаламждаа хийсэн 100 мянган төгрөгийн орлого бүртээ сугалаа аваад байгаль орчинд ээлтэй цахилгаан автомашин, ухаалаг цаг, гар утас, И-март, Номин супермаркетаас худалдан авалт хийх эрхийн бичиг хожоод худалдан авалт хийх байсан мөнгөө хадгаламждаа хийх боломж байна. Энэ мэтээр Голомт банк иргэдийг хуримлалтай болгохын төлөөх санаачилгуудаа идэвхтэй үргэлжлүүлсээр байх болно.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Баярлалаа.
“Витамин ₮” урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.