Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүлээс сэргээш илэрлээ гэж цахим хуудсаар бичиж боллоо. Энэ талаар МҮБХ-ноос тодруулахад.
МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжав: Гурван хоногийн өмнө сэргээшийн шинжилгээний хариу ирсэн. Уг хариу Допингийн эсрэг төв, Баяр наадмыг зохион байгуулах хороо руу хүргэгдсэн байгаа.
Бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй байна. Гурван, дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн гэх яриа гадуур гарч байна. Гэвч албан ёсны хариу зарлагдаагүй байхад тэгж ярьж, бичих нь гэмт хэрэг юм.
Баяр наадмыг зохион байгуулах хорооноос тусгай комисс байгуулагдаж шөвгөрсөн бөхчүүдийг биечлэн дуудаж, ямар хариу гарсныг нь мэдэгдэнэ гэсэн. Хэрвээ хэн нэгнээс нь допинг илэрсэн гэсэн хариу ирсэн ч тухайн бөх хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” сорьцыг нь дахин явуулна.
Ингэж баттай болгож байж албан ёсоор олон нийтэд зарлах учиртай. Өнгөрсөн жилийнх шиг бөхчүүдийг дуудалгүйгээр утсаар эсвэл шууд бичлэгээр мэдээлэл өгч олон нийтэд танилцуулах нь маш буруу юм.