Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа.
– Эрүүл мэндийн салбарыг сууриар нь өөрчлөх боломжийг бүрдүүлж буй Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад УИХ-аас өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтүүд нь ямар ач холбогдолтой вэ?
Эрүүл мэндийн салбарыг сууриар нь өөрчлөх, зөв тогтолцоонд шилжих том өөрчлөлтийг авчрах Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламжийн тухай хуулидад орох нэмэлт, өөрчлөлтийг сая ээлжит бус УИХ-ын чуулганаар баталлаа. Ингэснээр салбарт бодлогын маш том өөрчлөлтүүд гарна гэж харж байгаа. Эдгээр хуулиудад гурван том агуулга орсон.
Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөнө. Одоогийн тогтолцоо нь гүйцэтгэлээсээ хамаардаггүй, улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтаа авдаг. Үүнд ажилчдын цалин тавихдаа гүйцэтгэлийг огт үнэлдэггүй. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр одоо байгаа тогтолцоог нэг худалдан авагчийн тогтолцоо руу оруулж байна гэсэн үг. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ энийг төр даана, үүнийг эрүүл мэндийн даатгал даана гэсэн тийм ойлголт байхгүй болж, Эрүүл мэндийн яам ямар тусламж, үйлчилгээг хэр өртөгөөр санхүүжүүлэх вэ гэдгээ өөрсдөө тодорхой болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл төр, хувийн гэж ялгалгүй улсын хэмжээнд ямар тусламж, үйлчилгээг илүү өргөтгөх шаардлагатай байна, түүнд чиглэсэн санхүүжилтийг сайн хийнэ гэж ойлгож болно.
-Тэгэхээр эмнэлэг зөв тусламж үйлчилгээ үзүүлснээрээ илүү их санхүүжилт авна гэж ойлгож болох уу?
– Санхүүжилтийн тогтолцоогоо дагаад эмнэлгүүдэд үүсч буй шаардлагагүй хэвтэлтийг бууруулна. Монгол Улс хүн амд ногдох эмнэлгийн орныхоо тоогоор дээгүүрт ордог хэрнээ, эмнэлгүүдийнх нь ачаалал ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа нь үүнтэй холбоотой. Хэвтэх шаардлагагүй хүнийг эмнэлэгтээ хэвтүүлсэн бол санхүүжилт бага авч, улмаар тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудын нэмэлт цалин, урамшуулал багасна. Иймд тухайн эмнэлэгт ямар ч ашиггүй болно. Тиймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэрэгтэй өвчтөндөө чанартай үйлчилснээр түүндээ тохирсон өндөр санхүүжилт авах боломжийг дээрх хуулийн өөрчлөлтөөр бүрдүүлж өгч байгаа юм. Үүнийг нэг худалдан авагчийн буюу стратегийн худалдан авалт гэдэг. Стратегийн гэж тодотгох болсон нь ЭМЯ хэрэгтэй, зөв тусламж үйлчилгээгээ санхүүжүүлэх тогтолцоо бүрдэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр 2022 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн бүх эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжинэ. Харин 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс зарим эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжиж, системээ сайжруулах, бэлтгэл ажлуудаа хийж турших юм. Бэлтгэл ажлууд нь хийгдэж эхлээд явж байна.
Хагас бие даасан байдалд шилжсэнээр төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, дан улсын төсвөөс санхүүждэг биш өөрсдийн нөөц, боломжоо ашиглан санхүүжилттай болох, тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, зохицуулалт хийх боломжууд бүрдэх юм.
Энэ бол хувьчлал биш юм. Менежментээ сайжруулж, эмнэлэг хөгжих боломжийг бүрдүүлсэн зохицуулалт юм.
-Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгодог болох өөрчлөлт хуульд байгаа. Энэ талаар ярихгүй юу?
-Дээрх хуулийн өөрчлөлтөд орсон хоёр дахь том өөрчлөлт нь хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгох, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн.
Өнөөдрийн байдлаар 900 гаруй эмийн сангаар 800-аад төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Гэхдээ шаардлагатай хүмүүстээ хүрэхгүй, асуудлууд үүсээд байгаа учраас ард иргэдийн бухимдалыг үүсгэдэг. Энийг засах гол хуулийн өөрчлөлтүүд сая орсон.
-Эмч нарын бичсэн жороор бүх эмийн сангууд хөнгөлттэй эм худалдаалаад эхэлбэл энэ үйл явц улам даамжрах юм биш үү?
-Эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг журмаар нь олгож байгаа эсэхэд тавигдах хяналтын систем нь бүхэлдээ өөрчлөгдөж байгаа. Хяналтын системийг бүрэн цахимжуулж, бүртгэлжүүлж байна. Үүний үр дүнд ард, иргэд эмчийн бичсэн жороор хөнгөлттэй эмийг ямар ч чирэгдэлгүйгээр ойролцоох эмийн сангаасаа оочер, дугаар үүсэхгүйгээр авах боломжтой болж байгаа юм.
– Хуулийн өөрчлөлтөд орсон эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болсноор ямар өөрчлөлтүүд гарах вэ?
-Дээрх хуулийн өөрчлөлтөд орсон гурав дахь том өөрчлөлт (агуулга) нь эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай болох зохицуулалт юм. Тус агентлаг ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс байгуулагдана. Манай улсад 5000 гаруй төрлийн эм орж ирдэг. Үүнд чанартай эм орж ирж байна уу гэдэг дээр хяналт тавих ёстой. Импортоор орж ирж байгаа эмийг хянах тогтолцоо байхгүйн улмаас үнийн хөөрөгдөл их үүсдэг. Хэт өндөр үнэтэй, чанар муутай эм их борлуулагдах тохиолдол цөөнгүй байна. Тиймээс тус агентлаг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хяналт, хүртээмжийг сайжруулахад гол түлхэц болно гэж харж байгаа. Ер нь эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаггүй улс дэлхийд цөөхөн.
-Импортоор хуурамч эм ихээр орж ирж байна гэж яриад байгаа. Үнэхээр хуурамч эм орж ирээд байна уу?
-Хуурамч эм гэдэг бол өөр ойлголт. Хуурамч эм гэдэгт үйлдвэрийн бус аргаар хийсэн, орц найрлага, савлагаа нь стандартын бус эмийг хэлнэ. Харин манайхан Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, дамаар орж ирсэн эмийг хуурамч гэж яриад байдаг. Эмүүдэд маш олон төрлийн стандарт тавигддаг. Манай Улсын хувьд олон улсын стандартыг хангасан эмүүдийг оруулж ирдэг болох, эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэглээ дээр нь хяналт тавьж, зохисгүй хэрэглээг нь багасгах зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг ажиллах юм. Дээр дурдсан гурван том өөрчлөлтүүд манай улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоог сууринаас нь сайжруулах маш том өөрчлөлтийн эхлэл юм.
-Та төвлөрлийг сааруулна, чирэгдлийг бууруулна гэж их ярьсан байсан. Одоо салбарынхаа ямар асуудлдууд дээр төвлөрч ажиллах вэ?
-Одоо бид эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад ард иргэдэд бодитоор тулгарч буй хүндрэл, чирэгдэл, ойлгомжгүй байгаа зүйлсийг засч, залруулах шаардлагатай. Үүний тулд эмнэлгийн тусламж үйлчилгээн дэх төвлөрлийг задлах ёстой. Нийтээрээ ганцхан ГССҮТ, УГТЭ, УНТЭ, ХСҮТ зэрэг эмнэлгүүдэд оочирлох биш тухайн хэрэгтэй тусламж, үйлчилгээгээ тохирох шатны эмнэлгээсээ авдаг болох ёстой.
Энэ хүрээнд энэ ондоо багтаан 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгох, УХТЭ-т хавдрын оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж эхлээд явж байна.
Тодорхой зохицуулалт байхгүй учраас ард, иргэдэд чирэгдэл, бухимдал үүсээд байна. Түүнчлэн иргэд эмнэлэгт үзүүлэх цагаа хэзээ хаанаас авах, хэрхэн хэвтэж, мэс засалдаа орох вэ гэдэг нь ойлгомжгүй байсаар байна. Эмнэлгийн тусламж авах цаг хугацаа нь тодорхойгүй, төлөвлөх боломжийг иргэддээ олгож чадахгүй байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээний хүрээнд “Цаг захиалах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулж байна. Эмнэлгүүд хэвтэлт, гаралтын системийг бүрэн нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Эмнэлгүүдийн хоорондын уялдаа, холбоог сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй байх үүднээс дундын мэдээллийн том дата үүсгэж, мэдээллийг цахимаар төвөггүй солилцох боломжуудыг бүрдүүлж, бэлтгэл ажлуудыг хийж байна.
–Үүнийг нэгдсэн цахим системээр шийдэж байгаа гэсэн үү?
-Одоо бид олон улын жишигт хүрч хөгжихийн тулд ухаалаг засаглалыг (цахимжуулах) бүх шатандаа нэвтрүүлж, хэрэглээ болгох шаардлагатай. Тиймээс дээр дурдсан цаг захиалах нэгдсэн төв ашиглалтад орсоноор ард, иргэд хэзээ үзүүлэх, аль эмч дээр үзүүлэх боломжтой эсэхээ чирэгдэлгүй мэдэж, үйлчлүүлэх боломжтой болно. Эхний ээлжинд 9 дүүргийн эмнэлэг, 9 лавлагаа шатлалын эмнэлэг энэхүү системд нэгдсэн. Цаашид улсын хэмжээнд бүх эмнэлгүүд нэгдэж, өргөтгөх юм. Одоо туршилтаар ажиллаад, системийн сайжруулалтаа хийгээд явж байна. Бодит үр дүн гарна гэж харж байна.
-Таны хувьд сайдаар томилогдоод хоёр сар болж байна. Мэргэжлийн сайдын хувьд салбартаа ямар бодлого барьж ажиллах вэ?
-Манай Улсын эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийн асуудал нэлээд орхигдчихсон. Эрүүл мэндийн тухай хуульд хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг нийгмийн эрүүл мэндийн тусламж байхаар хуульчлаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Гэтэл НЭМ тусламж үйлчилгээ буюу хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл, шалтгааныг тогтоох, бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих зэрэг үйлчилгээ үндсэндээ орхигдсон.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоотой болгох, нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн бодитой ажлуудыг хийхээр анхаарч ажиллаж байна.
Бид иргэдийг жил бүр тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, эрт илрүүлгийг хийх нөөц, боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Үүний тулд сум, өрхийн ЭМТ-ийг чадавхжуулах, мөн “эрүүл мэндийг дэмжих төв”-ийг эмнэлэг болгон дээр бий болгох бодлого барина. Ажил болоод эхэлсэн явж байна. Энэ ондоо багтаан аймаг, дүүргийн лавлагаа шатлалын долоон эмнэлэгт “эрүүл мэндийг дэмжих төв” байгуулж байна. Гол нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог зөв механизмд оруулах нь чухал. Урьдчилан сэргийлэлтэнд хамрагдах хүмүүс маань өвчтэй хүмүүстэй холилдоод дугаарлах биш, харин зориулалтын орчинд нь зөвлөгөө мэдээлэл авч, бүх талын оношилгоонд орж хэвших нь чухал.
Бид өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг, хүндрэхээс нь өмнө биш эрт илрүүлж эмчилдэг байх тогтолцоог бий болгож, ард иргэддээ ч хэвшүүлэх нь чухал байна.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс өрх, сумын эмнэлэгт үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, урьчилан сэргийлэх үзлэг хийх багцыг тодорхой болгож байна. Өрх сумын эмнэлэг харъяалалын хүмүүст шаардлагатай шинжилгээ, оношилгоо, үзлэгийг хийж, өвчлөлтэй байх магадлалтай иргэдээ аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр үзүүлэх боломжтой болно.
Үүнийг зөв зохион байгуулалттай хийхийн тулд эмчилгээ, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, зөв хуваарилалттайгаар ачаалал багатай үйлчлүүлэх боломжийг нь бүрдүүлж өгөх ажлууд хийгдэж байна. Иймд бид нийтийн Эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлж, жинхэнэ утгаар нь тэргүүлэх чиглэл байх бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байгаа гэж ойлгож болно.
-Ард иргэдийн дунд хавдарын өвчлөл нэлдээгүй их байна. Гэвч ХСҮТ-ийн ачаалал их учраас хүртээмж нь муу байна гэж иргэд их шүүмжилдэг?
-Манай Улсын бүх иргэд хавдарын оношилгоо, эмчилгээ авах гэж ХСҮТ-д л үзүүлж байна. Тэгэхээр ачааллаа дийлэхгүй, хүртээмж нь хязгаартай байх нь ойлгомжтой. Хавдраар өвдсөн хүмүүсийн 73 хувь нь хожуу шатандаа оношлогдож, 86 хувь нь 45-аас дээш насныхан эзэлж байна. Тиймээс урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг гэдгийг бүх шатанд ярьж, ажил болгох явж байна.
Түүнчлэн бид эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, ачааллыг бууруулах, бусад лавлагаа шатлалын эмнэлгүүд болон дүүрэг, орон нутгийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулья гэж зориод байгаа юм. Өөрөөр хэлбэл хавдрын эрсдлийг бууруулах, сэргийлэх интервэнцийг тэргүүлэх чиглэлээ болгож ажиллаж байна гэсэн үг.
Өмнө нь улсаас зөвхөн ХСҮТ-д л энэ төрлийн тусламж, үйлчигээний мөнгө өгдөг байсан. Харин ирэх жилээс бусад эмнэлгүүд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлээд ирэхээр санхүүжилт авах боломж бүрдэж байна. Үүнээс гадна урологийн, гэмтлийн, мэдрэлийн мэс заслын үйлчилгээг Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн багадаа 4-5 эмнэлэгт үзүүлдэг байх тогтолцоог бий болгож байгаа юм. Ингэснээр хэт төвлөрөлийг сааруулж, нэг газарт давамгайлсан ямар нэг өрсөлдөөнгүй явдаг системийг өөрчилнө гэсэн үг.
-Ханиад томууны улирал эхэлж байна. Урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байна вэ. Цар тахлын үетэй давхцах тул нэлээд хүндрэл гарах байх?
-Шинэ төрлийн Коронавирусын халдварын үед улирлын томууны дэгдэлтийг илүү анхаарч, бэлэн байдалд ажиллах шаардлага үүсч байгаа. Цар тахал, улирлын томуу хоёрыг ялгах, оношилгоо хийхээс эхлээд төвөгтэй зүйлүүд байна. Бид бэлэн байдлыг маш сайн хангах үүднээс өөрсдөөс хамаарах бүх талын ажлуудыг хийж байна.
Коронавирусыг оношлох чадамжийг сайжруулж, олон газар вирусын оношилгоо хийдэг болгож байна. Энэ хүрээнд хэд хэдэн газар коронавирусыг оношилдог аппаратуудыг (PCR) суурилуулж байна. Улирлын томуугnay дэгдэлтийн үед хүний нөөц болон орны хуваарилалтуудыг зөв хийх, улирлын томууг аль болох эрсдэл багатай давахын тулд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэгдүгээрт, томуугийн вакциныг өнгөрсөн жилүүдээс зургаа дахин нэмэгдүүлж хийнэ.
Ерөнхийдөө нэг сая 200 мянган хүнийг вакцинжуулна. Хоёрдугаарт, коронавирусын цар тахлын үед маск зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барьснаар томуугийн дэгдэлтийг 4-5 дахин багасгадаг нь тогтоогдсон. Тиймээс энэ чиглэлээр анхаарал сэрэмжлүүлэг, угтуулсан сэргийлэлтийн ажлыг үе шаттайгаар эхэлж байна. Гуравдугаарт, томуугийн үеийн эмчилгээнд анхаарал хандуулж ажиллана. Дөрөвдүгээрт, томуугийн үед бүх мэдээллийг улсын хэмжээнд төвлөрүүлж, том дата үүсгэн өдөр бүр явцын судалгаа, хяналтыг хийж байна.
-Коронавирусын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хоёр том бодлого барьж, төвлөрч байна. Үүнд дотооддоо алдахгүй байх, Коронавирусыг дотроо алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатайгаар даван туулах вэ гэсэн зарчмыг барьж, ажиллаж байгаа. Дотооддоо алдахгүй байх тал дээр бүх талын зөв, зүйтэй арга хэмжээ авч байсан.
Цаашид анхаарал, сэрэмжээ сайжруулж, дотооддоо алдах эрсдэлийг багасгана. Үүний тулд оношлогооны лабораторуудыг нэмж байгуулж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт оношлох төхөөрөмжөө байршуулан, хүнээ сургаад бэлтгэсэн. Ирэх сард багтаан Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Дорнод аймгуудын лабораториудыг өргөтгөнө. Мөн халдвар дотооддоо гарсан тохиолдолд бэлэн байдалд байх асуудал нэлээн хийгдэж байна. Мэдээллийг сайн түгээх, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах тал дээр бүх төрийн байгууллагууд хамтарч ажиллана.
-Аль ч Засгийн газрын үед хамгийн их хэл ам дагуулдаг нь Эрүүл мэндийн салбар байдаг. Жишээ нь, эмч нарын хүнд суртлын асуудал их яригддаг. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?
-Би салбартаа 14 жил ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилд хоёр ч томоохон эмнэлгийг удирдаж ажилласан. Энэ салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай вэ гэдгийг нэлээн харж, мэдэрсэн хүн. Салбарын суурь хуулийн өөрчлөлтүүдийг нь УИХ-ын ээлжит бус чуулганаар орууллаа. Таны асуусан авилга, хүнд суртлын асуудал бол мөн л санхүүжилтийн тогтолцоотой холбоотой зүйл.
Сүүлийн нэг жилд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн удирдлагаар ажиллахдаа эмнэлэг хагас бие даасан байдал руу шилжсэний үр дүнд хичнээн нөөц, бололцоо байгааг, эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн өөрчлөлт хийхгүйгээр томоохон өөрчлөлт гарахгүй гэдгийг харсан учраас саяны хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд дээр саналаа оруулж батлууллаа.
Хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид гүйцэтгэлээрээ цалин, урамшууллаа авах боломж нь бүрдсэн гэдгийг дээр дурдсан. Одоо байгаа тогтолцоо нь нэг сувилагч 20 хүнд тариа хийсэн ч хоёр хүнд тариа хийсэн ч адилхан цалин авдаг. Энэ нь цаашлаад хүнд суртал, хээл хахуулыг арилгах хамгийн том хүчин зүйл болно. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалынхан хяналтаа сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр хаа хаанаа л хариуцлагатай байж эхэлнэ. Авилгатай тэмцэх хамгийн том өөрчлөлт бол энэ.
-Гүйцэтгэлийг тоогоор хэмжсэнээр чанарын асуудал гарч ирэх юм биш үү. Үүнд ямар хяналт тавих юм бол?
-Өөрсдийн боловсруулсан стандартын дагуу эрүүл мэндийн үйл ажиллагаагаа явуулж байгаа газрууд олон бий. Бид олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд санхүүжилт олгоно гэсэн өөрчлөлтийг хуульд оруулсан. Энэ нь дэлхийн 100 гаруй улсын ашигладаг нэгдмэл, олон улсын удирдамжийн дагуу хяналтаа тавиад явна гэсэн үг.
-Эрүүл мэндийн асуудал зөвхөн танайх бус бусад салбартай ч холбоотой. Тиймээс бусад салбарынхантай хамтарч, бодлогоо уялдуулж ажиллаж байна уу?
-Эрүүл мэндийн асуудал нь олон талт, өргөн хүрээг хамардаг онцлогтой тул салбар дундын хамтын ажиллагаа, оролцоонд тулгуурлан бодлогыг зангидах, хэрэгжилтийг хангах нь чухал. Бүхий л чиглэлийн яамдтай уялдаатай ажиллах шаардлагатай. Жишээ нь, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажил байна.
Үүнд хүүхдүүдийг багаас нь эрүүл зан үйлд сургаж, эрүүл мэндийн боловсрол олгохын тулд Боловсролын яамтай уялдаатай ажиллах шаардлагатай байгаа. Нэг жишээ хэлэхэд хүүхдүүдэд 1-12 хүртэл ангид суралцсан дүнтэй хувийн хэрэг байдаг бол эрүүл мэндийн, өсөлт, хөгжлийг харуулсан тийм мэдээлэлийг бид бас орхигдуулсан л харагдаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
1 comment
Eruulmendiin meregjliin said 2 sard.iim l ard tumend.shuud khurekh.ajil. khiij bna zeb.lhunee. meregjliin.salbar. dotroo orj ajillaj.bsn khun.iim l baigaa um