Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээллээ. Шалгалтаар хэд хэдэн ШТС-ын шатахуунаас ус, лаг илэрчээ.
Мөн хууль бусаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлж байсан гурван зөрчил илрүүлсэн ба зөрчлийг арилгуулан ажиллаж байгаа аж.
Импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.
МХЕГ-ын төлөөлөл “Ус нь шатахууны саванд цэвэрлэгээ хийгээгүй удсанаас конденсацаар үүсдэг. Иймээс шатахуун худалдаалах байгууллагууд савны цэвэрлэгээг хийж, хэрэглэгчдэд цэвэр шатахуунаар үйлчлэх үүрэгтэй” хэмээв.
Сүүлийн хоёр жилд керосин тэргүүтэй дагалдах бодис их хэмжээгээр импортлох болсон ба тус бодисуудыг шууд хэрэглэх, худалдаалах зах зээл Монголд байхгүй. Иймээс үүнийг шатахуунтай хольж байна гэсэн хардлага байгааг МХЕГ-аас онцолсон юм.
Мөн тээвэрлэх зөвшөөрөлгүй 3 тонн даацтай авто машинаар шатахуун зөөж нийслэл рүү нэвтрэх товчоодод нийлүүлж буй зөрчил илэрсэн байна. Түүнчлэн дизель түлшийг 1500 төгрөгөөр зарж буй явдал гарсан бөгөөд энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Жижиг цэгүүдээр 1500 төгрөгөөр зарж болоод байгаа юм бол яагаад зах зээлд 2090 төгрөгөөр худалдаалж байна вэ? Үүнийг юм хольж дамлан зарж байна гэж хардахаас өөр аргагүй” гэв.