Энэ сарын 14-ний өдөр Франкфуртээс иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгт багтсан 15 хүний зардлыг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хөнгөлөх болсон тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Улсын онцгой комисст хуримтлагдсан иргэдйн хандивын мөнгөнөөс 300 сая төгрөгийг тусгай үүргийн нислэгт зарцуулах чиглэл батлагдаад удаагүй байгаа юм.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Иргэдийн хандивын мөнгийг тусгай үүргийн нислэгт багтсан төлбөрийн чадамжгүй иргэдэд туслалцаа үзүүлэх байдлаар зарцуулахаар болсон. Одоогоор төлбөрийн чадамжгүй гэх байдлаар 142 хүн хандсан. Манай тал Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид бусад нислэгүүдэд тус байгууллагатай хамтран ажиллахаар хэлэлцэж байна.
Монгол Улс одоогийн байдлаар энэ оны нэгдүгээр сарын 28-наас хойш тусгай үүргийн нислэгээр 19.4 мянган иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ.