Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДМУТБ/ нь ФАТФ-ын бүс нутгийн байгууллага бөгөөд Ази, номхон далайн бүсийн нийт 41 улс, олон улсын байгууллага болон ажиглагч байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм.
Манай улс АНБМУТБ-ийн гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ олон улсын стандартыг биелүүлэх үүрэгтэй.
ФАТФ-аас 2016 онд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тогтолцоо, үр дүнтэй байдлын хэрэгжилтийг үнэлэх ажлыг зохион байгуулж, Харилцан үнэлгээний тайланг 2017 онд баталж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо буюу ФАТФ-ын 40 зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнээд үүнээс 40 зөвлөмжийн 5-ыг биелүүлээгүй, 15-ыг нь хагас биелүүлсэн гэж дүгнэсэн.
Иймээс дээрх 20 зөвлөмжийн үнэлгээг дээшлүүлэх зорилгоор Хоёрдугаар явцын тайланг 2019 онд хүргүүлж, эдгээрийн 16 зөвлөмжийн үнэлгээг 1-2 шатаар ахиулсан хэдий ч 4 зөвлөмжийн үнэлгээг ахиулаагүй.
Санхүүгийн зохицуулах хороонд нийт 40 зөвлөмжийн 25 нь шууд болон шууд бус хамааралтай ба өнгөрсөн оны Хоёрдугаар явцын тайлангаар хэсэгчлэн биелүүлсэн болон биелүүлээгүй үнэлгээтэй 4 зөвлөмжөөс Зөвлөмж 14 /Мөнгө болон үнэ бүхий зүйлийн шилжүүлэг/ болон Зөвлөмж 28 /Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хяналт шалгалт/-ийг хариуцаж ажиллалаа.
Зөвлөмж 14-ийн үнэлгээг ахиулах зорилгоор зөвшөөрөлгүй мөнгөн гуйвуулгыг илрүүлэх, шийтгэлийн хэмжээг зөрчилтэй уялдуулан тогтоох, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Хорооноос Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг холбогдох байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажилласан.
Харин Зөвлөмж 28-ийн үнэлгээг ахиулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлаар батлууллаа.
Түүнчлэн Үндэсний статистикийн хороотой үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтран ажиллаж, эрсдэлд суурилсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх хяналт шалгалтыг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд нэвтрүүлэх ажлыг Хорооноос зохион байгуулсан.
Ийнхүү Хорооноос дээрх зөвлөмжүүдийн үнэлгээг ахиулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 04-ний өдөр АНДМУТБ-ээс Монгол Улсын Гуравдугаар явцын тайланг баталж, Зөвлөмж 14-ийг 2 шатаар ахиулж “бүрэн биелүүлсэн”, Зөвлөмж 28-ийг 1 шатаар ахиулж “ихэнхийг биелүүлсэн” гэж дүгнэлээ.
Гуравдугаар явцын тайлантай дараах холбоосоос танилцах боломжтой. http://www.apgml.org/documents/