БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ны дунд сургуулиудад монгол хэл, бичгийг хязгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор Өвөрмонголын ард иргэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд буй.
Мөн сүүлд Монгол Улсад зарим иргэний нийгмийн байгууллага болон багш нар Хятадын ЭСЯ-ны гадаа тайван жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн.
Тэгвэл дээрх асуудлаар өвөрмонгол иргэд АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордонд хүсэлт гаргаж, анхааралдаа авахыг хүсчээ. Тус хүсэлтэд:
“Хятадын Коммунист нам өвөрмонгол иргэдийн үндэсний хэл, бичгийг хориглож, соёлын геноцид явуулж байна. Өвөрмонголчуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг эрх баригчид хүчээр дарахыг оролдлоо. Коммунист намын энэхүү үйл ажиллагаа нь НҮБ-ын Хүний эрхийн конвенц, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц, БНХАУ-ын Өөртөө засах орны тухай хуулийг тус тус зөрчиж байгаа тул АНУ-ын эрх баригчдыг уг асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна” гэж бичжээ.
Хэрэв уг хүсэлт 30 хоногийн дотор 100 мянган хүний дэмжлэгийг авч чадвал АНУ-ын Конгресс дээрх асуудлыг анхааралдаа авч, “БНХАУ үндэстний цөөнхүүдийн эрх ашгийг зөрчиж буй” эсэхээр хэлэлцэх аж.
Санал асуулгыг ЭНЭ хаягаар авч байгаа юм байна. Та уг сайтад нэвтэрсний дараа өөрийн овог, нэр, цахим шуудангаа бүртгүүлээд баталгаажуулснаар саналаа өгөх боломжтой.
Ташрамд дурдахад, өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Өвөрмонголын асуудлаар тайлбар хийхдээ “Өвөрмонголчуудын жагсаал бол далд санаа агуулсан улс төрийн явуулга. Үндэстний цөөнхүүд улсынхаа үндсэн хэл, бичгийг ижил тэгш эзэмших ёстой” хэмээж байсан юм.
Г.Тэмүүлэн : Unuudur.MN