УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг боловсролын салбар, хүүхдийн хөгжилд нэлээн анхаарч, энэ чиглэлд тодорхой ажлууд хийхээр эхлүүлээд байгаа билээ. Тэрбээр өчигдөр өөрийн байр суурийг сошиал орчинд илэрхийлсэн байна.
Тэрбээр “Сүүлийн үед боловсролын салбарын шинэчлэл, үндэсний боловсролын тогтолцоогоо хөгжүүлэх асуудал нийгмийн хамгийн их анхаарал татсан сэдэв болж УИХ-ын гишүүд бид салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
Тэгвэл үүнээс дутахгүй бас нэг санаа зовоосон асуудал сүүлийн жилүүдэд бий болсон нь хүүхдийн жингийн илүүдэл юм. Ялангуяа хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, гар утас, компьютерын хэрэглээ зэргээс болж хот суурин газрын сургуулиудын сурагчдын дунд жингийн илүүдэл зонхилж, багаасаа суурь өвчлөлтэй болох аюултай байгааг нийгмийн эрүүл мэндийн салбарынхан тоо баримт татан хэлж байна.
Тийм учраас ээж хүний хувьд, тамирчин байсан, спортоор идэвхтэй хичээллэдэг хүний хувьд хүүхдийн бие бялдрын эрүүл чийрэг өсөлтийг дэмжих, багаасаа спортын төрлүүдээр хичээллэх боломжийг бий болгох чиглэлд ажиллахаас өөр аргагүй болж байна.
Би нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон биеийн тамир спортын салбарынхантай хамтарч монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих, жингийн илүүдлийн эсрэг арга хэмжээнүүдийг ирэх 4 жилд хийхээр эхний байдлаар судалгаа энэ тэрээ эхлүүлэхээр тохиролцоод байгаа.
Жингийн илүүдлээс гадна хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, спортоор хичээллэх хүүхэд залуусын тоог нэмэгдүүлэх, амьдралын эрүүл хэв маягт багаас нь суралцуулах зэрэг нийгмийн эрүүл мэндийн ажлуудыг спортын салбарынхантай хамтарч хийх хэрэгтэй байна.
ЕБС-ийн сургуульд биеийн тамирын хичээлийн ач холбогдлыг үнэлдэггүй, хоёрдогч, нэмэлт хичээл гэж үздэг нь хандлагын хувьд нийтийн биеийн тамирыг дэмжих, сайн тамирчдыг багаас нь илрүүлж бэлтгэх тал дээр учирч буй том саад юм. Мөн хувийн хэвшлийн олон сургууль стандартын заалгүй байдаг, төрийн өмчийн ЕБС-иудын нэг анги дахь хүүхдийн тоо хэт олон учир хичээлийн агуулга бүрэн заагдахгүй байх зэрэг материаллаг саад бэрхшээлүүд нэлээн бий.
Эцэг эхчүүд, сургууль багш нар, сургалтын хөтөлбөр гээд нэлээн олон зүйл дээр хамтарч хүүхдийн бие бялдарын хөгжлийг дэмжих ажлууд хийх нь зайлшгүй болоод байна.
НАМЭХ болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тал дээр идэвхийлэн ажиллаж байгаа. Б.Баярсайхан гишүүний санаачилгаар цэцэрлэг болон ЕБС-ийн урлаг, биеийн тамирын хичээлийн агуулгыг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангах ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан билээ” гэжээ.
Б.ИРЭЭДҮЙ