Төрийн ордонд зохион байгуулагдсан “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэгт МУИС-ийн харьяа Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал П.Түвшинтөрийн “Монголын боловсролын тогтолцоог сайжруулах арга зам” сэдэвт илтгэл тавьсан билээ.
Тэрбээр илтгэлээрээ сургуулийн хүртээмжийн асуудлыг хөндсөн юм. Ингээд түүний илтгэлээс хүргэе. “Сургуулийн хүртээмж. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Бид гурван ээлжтэй сургууль байхгүй ээ гээд зарлаад байна. Гэтэл стандартын дагуу 20-25 хүүхэд нэг ангид суралцах ёстой. Гэтэл нэг ангид 40, 50-иар нь чихчихээд гурван ээлжгүй боллоо гээд байгаа юм. КОВИД бидний үнэн төрхийг гаргаад ирлээ.
Яагаад гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэж байна вэ гэхээр олон улсад анги дүүргэлтийн стандарт нь ихдээ 25. Ингэхээр одоогийн байгаа 40, 50-н хүүхэдтэй анги дүүргэлтийг хуваахаас өөр аргагүй. Нэг ангийг 2-3 хуваахаар ээлжийн ангитайгаа 4-6 бүлэг болоод байгаа учраас ийм зохицуулалт хийж байгаа юм. Манай сургуулиудын хүртээмжийн бодит байдал бол юун гурван ээлж байтугай 4-6 ээлжээр хичээллэхээр байна.
Нийслэлд сургуулийн тоог 200-аар нэмэгдүүлэх шаардлагатай. Үүн дээр нэмээд 2008 онтой харьцуулахад бага, дунд сургуулийн сурагчдын тоо 2024 он гэхэд 56 хувь өснө, 2030 онд 71 хувиар нэмэгдэнэ. Бид одоо сургуулийн хүртээмжгүй байна. 4 болон 10 жилийн дотор хүртээмжгүй байдал 70 хувь нэмэгдэх гээд байна. Өөрөөр хэлбэл бид 10 жилийн дараа нэг ангид 100 хүүхэд хичээллэх үү гэдэг асуудал гарч ирнэ.
Бид энэ суурь асуудлаа шийдэж байж хөтөлбөр чанарын асуудал ярих хэрэгтэй. Системийн хувьд боловсролын тогтолцоо, эрх зүйн орчин олон улсын стандартаас гажсан байна. Сургуулийн хүртээмж, багшийн ажиллах нөхцөлийг сайжруулж шийдсэний дараа хөтөлбөр ярихгүй бол ганц хөтөлбөр яриад боловсролын асуудал шийдэгдэхгүй. Бид том зургаар нь хараад ойрын хугацаанд бүх чиглэлд хийх ажлуудыг хиймээр байна” гэв.
Б.ИРЭЭДҮЙ